
Г.Занданшатарын толгойлж байсан өмнөх парламентаас өөрийн хүсэлтээр явсан ч өөрийгөө “Шударга бусын хонгил”-оор чирэгдэж, бүлэглэлийн “махны машин”-нд хэрчүүлсэн гэгддэг Н.Номтойбаяр УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн өмнөхөн Ерөнхий сайд асан М.Энхсайхантай гар барьж, хоёр жижиг намын нэгдэл болох “Үндэсний эвсэл”-ийг тэргүүлж, парламентын гишүүнээр сонгогдон, улс төрд эргэн ирсэн.
Тэр улстөрөөс явахдаа ч, шоронд орохдоо ч “Би улстөрд эргэж ирнэ. Ингэхдээ олуулаа болж ирнэ” гэж мэдэгдэж байлаа. Мэдээж хэлсэндээ хүрч ганцаараа явсан ч олуулаа болж ирсэн.
Өөрөөр хэлбэл, “Үндэсний эвсэл” Н.Номтойбаяраас гадна гурван суудал авсан юм. Харин 126 суудлаас МАН 68, АН 42, ХҮН нам 8 суудал авсан бол ИЗНН-ынхан “Үндэсний эвсэл”-тэй ижил дөрвөн суудал авсан билээ.
Гэвч эрх баригч намтай “Үндэсний эвсэл”-ээс олон суудал авсан, 126 гишүүнтэй парламентад сөрөг хүчний үүргийг гүйцэтгэж байх ёстой Л.Гантөмөрийн АН-аас гадна Т.Доржхандын ХҮН нам гар барьж, хамтарсан Засгийн газрыг байгуулсан. Энэ үед улстөрийн хүрээнд төдийгүй олон нийтийн зүгээс Д.Амарбаясгалангийн парламентыг “Сөрөг хүчингүй боллоо” хэмээн ярьж, бичиж байв. Үүнийг ч “Үндэсний эвсэл”-ийн тэргүүн, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр хүлээн зөвшөөрч, хүчтэй сөрөг хүчин болж ажиллахаа хэвлэлээр дайсан байдаг.
Харамсалтай нь, 126 гишүүнтэй парламент бүрдээд найман сар, хамтарсан Засгийн газар байгуулагдаад долоон сар өнгөрсөн ч Н.Номтойбаярын амлалт, “Үндэсний эвсэл”-ээс сонгогдсон хэдэн гишүүнээс сураг алга.
Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын “Үндэсний эвсэл”-ээс өнгөрсөн хугацаанд хамтарсан Засгийн газрын бодлого шийдвэр, үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөхөөс гадна энэ нь зөв, тэр нь буруу гэдгийг олон нийтэд тайлагнасангүй.
Хүчтэй сөрөг хүчний үүргийг гүйцэтгэж, буруу зүйлийг нь засахын төлөө, зөв зүйлийг нь дэмжиж ажиллана гэдгээс өөр үг хэлсэнгүй, үйлдэл гаргасангүй Н.Номтойбаяр нар.
Тэгвэл УИХ-ын 2025 оны хаврын чуулган долоохон хоногийн дараа хөшгөө нээх гэж байна. Энэ гуравдугаар сарын 17-нд нээлтээ хийх УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн парламентад үгүйлэгдэж байгаа сөрөг хүчний үүргийг УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын тэргүүлсэн “Үндэсний эвсэл” нөхөж чадах уу гэх асуулт хариулт нэхэж байна.
Тэр хэдэн сарын өмнө хэвлэлээр хэлж байсан үгэндээ, олон нийтэд амлаж байсан амлалтадаа хүрэх үү гэдгийг хүлээх л үлдлээ.
Учир нь, өнөөгийн төр засгийн бодлого шийдвэрт ташуур өгөх, цаашлаад зөвд чиглүүлэх сөрөг хүчин шиг сөрөг хүчин болон улстөрчид 126 гишүүнтэй парламентад үгүйлэгдсэн хэвээр байгаа билээ.
Эх сурвалж: erennews.mn