
Хууль, хяналтын байгууллагаас УИХ-ын гишүүн асан Д.Кёкүшюзанбатбаяр, МУГЖ Т.Баясгалан нарыг мөнгө угаасан болон залилангийн гэмт хэрэг холбогдуулан яллагдагчаар татсан. Тэднийг өөрсдийн нэр хүндийг ашиглаж, бусдыг төөрөгдүүлэх замаар төрд 28.8 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх үндэслэлээр шүүсэн ч гэмт хэргийн шинжгүй хэмээн үзэж, шүүгдэгч нарын хэргийг цагаатгасан байдаг.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг прокурорын байгууллага үл хүлээн зөвшөөрч, давж заалдах шатны шүүхэд хандсан юм. Харин Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхэд хэлэлцүүлэхээр болсон.
Тэгвэл Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан нарын холбогдсон мөнгө угаах, залилангийн хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирэх пүрэв гарагт буюу энэ сарын 13-ны өдөр хэлэлцэхээр болжээ. Прокуророос тэдэнд Эрүүгийн хуулийн 17.3-2.2, 18.6-1-т зааснаар буюу мөнгө угаах, залилах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн яллах дүгнэлт үйлдсэн байдаг.
Эх сурвалж: Erennews.mn