Гол мэдээ

“Энержи ресурс”-ээс 100 саяыг авсан Д.Цогтбаатар стратегийн ордыг хэрхэх бол…

By Onon Bayarsaikhan

March 11, 2025

Өнөөгийн парламентад туршлагатай, боловсролтой гэж тоогдох цөөн гишүүн байгаагийн нэг нь Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар. Харамсалтай нь мань хүн өнгөрөгч сонгуулиар ялалт байгуулахдаа MCS-ээс хандив авчихаж.

Тэгэхээр тун удахгүй эхлэх хаврын чуулганаар Ухаа худагийн өмчлөлийн асуудлыг хэлэлцэх үеэр ашиг сонихролын зөрчилтэй гэж санал өгөхөөс татгалзах уу, хэрэгтэй үедээ авсан хандиваасаа болоод “ширэн нүүр”-лэх үү гэдэг нь анхаарал татаж буй.

Мань Д.Цогтбаатар Ухаа худагийг эзэмшигч “Энержи ресурс”-ээс 30 сая төгрөг авсан бол түүний харьяаны “Юнайтэд пауэр” компаниас 10 сая, “Ухаа худаг ус хангамж”-аас 30 сая, “Таван толгой нисэх буудал”-аас 30 сая төгрөг тус тус, нийт 100 сая төгрөг авсан байдаг.

Уг нь Гадаад харилцааны яам гэх том айлаас ажлын гараагаа эхлүүлж, Засгийн газрын болон парламентын гишүүнээр хэдэн удаа сонгогдон ажилласан хүн дээрх мэтийг мэдэхгүй байна гэж үгүй.

Тэгээд мань гишүүнийг бусдаас гуйхааргүй хөрөнгөтэй гэдгийг АТГ-т өгсөн Хөрөнгө орлогын мэдүүлгээс нь харж болно.

Түүний өөрийн орлого нь 100.3 сая, гэр бүлийн орлого нь 450.2 сая, 4 байр, 4 авто зогсоолтой, Lexus-570 автомашинтай, 41.1 саяын үнэт эдлэл, 45 сая төгрөгийн хадгаламжтай гэжээ. Мөн Линкс поверкоре, Түмэнгаз, Аргиба инвестмент, Нано энержи, Састэйнабилити Ийст эйжия, ББ Дент, И Клиник, Иксиллион, Эко баттерэй зэрэг 10 гаруй компанийн хувьцаа эзэмшигч юм билээ.

Эх сурвалж: Erennews.mn