Гол мэдээ

Дархан-Уулын Засаг дарга Б.Азжаргал хөрөнгөө хураалгах уу

By Onon Bayarsaikhan

March 13, 2025

Засгийн газраас Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг боловсруулаад байгаа. Энэ нь авлигыг үгүй хийх боломж гэж үзэж байгаа юм билээ.

Өнөөгийн албан тушаалтнууд дунд огт бизнес эрхлээгүй хэрнээ хөрөнгөөрөө дээгүүрт тооцогдох хүн олон бий.

Тэдний нэг нь Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал. Тэр 2002 онд МУБИС төгсөөд УИХ-ын Тамгын газар УИХ-ын гишүүний бие төлөөлөгчөөр ажиллаж эхэлсэн. Ингээд Дархан сумын ЗДТГ-ын мэргэжилтэн, тус сумынхаа ИТХ-ын дарга, сумын Засаг даргын орлогч, аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Дархан сумын Засаг дарга, аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Дархан-Уул аймгийн Засаг дарга гэхчлэн дандаа төрд ажиллаж ирсэн нэгэн.

Гэтэл түүний хөрөнгө нь олны анхаарлыг ихэд татна. Өөрөө мэдүүлснээр бол өөрийнх нь 113.9 сая, гэр бүлийн орлого: 57.8 сая гэжээ. Мөн үл хөдлөхийн тухайд нэг хаустай, гурван орон сууцтай, нэг зуслангийн байшинтай, үйлчилгээний зориулалттай нэг барилгатай юм байна. Эдгээр үл хөдлөх хөрөнгө нь нийтдээ 785 сая төгрөг гэж мань Б.Азжаргал үнэлжээ. Харин газрын хувьд 1344 мКв нэг, 500 мКв хоёр, 799 мКв нэг, нийт дөрвөн талбай эзэмшдэг.

Түүний намтарт Дархан-Уул аймагт ажилласнаас өөр бичилт байдаггүйтэй адил Б.Азжаргал “Эрдэнэс тавантолгой” бусад иргэдтэй адил компанийн 4288 ширхэг хувьцаатай юм билээ. Тэгсэн хэрнээ 7.4 сая төгрөгийн үнэт эдлэл, 89.8 сая төгрөгийн хадгаламжтай.

Түүхэндээ төрд МАН-ын нэрээр “хурган” даргаар ажиллаж ирсэн гэхэд Б.Азжаргалын хөрөнгө гэрлийн хурдаар өсжээ л гэж харагдахаар байгаа юм. Тэр ч утгаараа мань хүн тун удахгүй их хөрөнгийнхөө эх үүсвэрийг тайлбарлах хэрэг гарах нь. Хэрэв тайлбарлаж чадахгүй бол хураалгаж, тусгай санд өгөх хэрэгтэй болох нь дээ.

Эх сурвалж: Erennews.mn