Өнгөрсөн амралтын өдөр зүүн аймгуудын нутгаар хээрийн гал түймэр гарч урьдчилсан байдлаар 170 орчим га талбай шатжээ. Улсын хэмжээнд сүүлийн дөрвөн жилд 479 удаа ой хээрийн түймэр бүртгэгдсэн байна. Үүний 49.8 хувь буюу 238 удаагийн түймэр Дорнод, Сүхбаатар аймагт гарчээ. 238 удаагийн гал түймрийн 155 тохиолдол Дорнод аймагт гарсан бол 83 удаагийн тохиолдол нь Сүхбаатар аймагт гарсан байна. Галыг бүрэн гүйцэт унтраан цурамд оруулсан юм.
Түүнчлэн Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой Комиссын дарга С.Амарсайханы тушаалаар байгуулагдсан Шуурхай хэсгийн бүрэлдэхүүн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд ажиллаж, түймэрт өртсөн малчдад гэр болон бусад тусламжийг ОБЕГ-аас хүлээлгэн өгчээ.
Мөн Онцгой комиссын ээлжит хуралдааныг хийж гал түймрийн нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл сонсож холбогдох үүрэг чиглэлийг өглөө.
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум нь жилийн жилд гал түймэр гардаг эрсдэл өндөртэй бүс нутаг юм. Тиймд орон нутгийн хэмжээнд гал түймрээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг идэвхжүүлэх, энэ чиглэлд иргэд олон нийтийг хамруулах, татан оролцуулах, эргүүл хийх ажлыг маш сайн зохион байгуулж, Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы гаргасан гал түймрээс урьдчилан сэргийлэх албан даалгаврыг мөрдөж ажиллахыг санууллаа.
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймрийг тус сумын Гал түймэр унтраах, аврах 47-р ангийн баг бүрэлдэхүүн орон нутгийн иргэд, Хилийн цэргийн дугаар ангийн алба хаагчдын дэмжлэгтэйгээр бүрэн унтраасан байна. Гал түймэрт нийт 7 айл өрхийн гэр шатсан бөгөөд 153 толгой мал өртсөн гэх урьдчилсан дүн гараад байна.