Чөлөөт бөхийн 2026 оны насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Киргизстаны Бишкек хотод дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.
Өчигдөр эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 68, 76 кг-ын жингийн медальтнууд тодорлоо. Манай улсаас дээрх жингүүдийн гуравт нь медаль хүртэв. Тодруулбал, 55 кг-д залуу мастер О.Ариунзаяа хүрэл медалийн төлөөх барилдаанд Солонгосын бөхийг ялснаар шагналын тавцанд зогсох эрхтэй боллоо. Түүний хувьд ААШТ-д анх удаа оролцохдоо хүрэл медальтан болж байгаа нь энэ. Монголын тамирчдын медалийн салхийг хагалсан түүний араас 59 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Х.Болортуяа хүрлийн төлөө барилдсан ч Энэтхэгийн бөхөд ялагдсанаар V байр эзлэв.
Тэгвэл ДАШТ-ий мөнгөн медальт, олон улсын хэмжээний мастер Э.Дэлгэрмаа хүрлийн төлөөх барилдаанд Казахстаны домогт бөх, “Бээжин-2008” олимпын хүрэл, ДАШТ-ий хошой мөнгө, нэг хүрэл медальт, Азийн хошой аварга, Азийн наадмын аварга Елена Шалыгинаг буулгаж авснаар ээлжит медалиа гардлаа. Түүний хувьд ААШТ-ээс зургаа дахь медалиа гардсан бөгөөд нэг мөнгө, таван хүрэл медальтай болж байна.
Харин 76 кг-д ДАШТ-ий мөнгөн медальт, олон улсын хэмжээний мастер Э.Даваанасан түрүүлж, төрийн дууллаа эгшиглүүллээ. Тэрбээр шигшээ барилдаанд эзэн орны бөх, ДАШТ-ий хошой мөнгө, нэг хүрэл медаль, ААШТ-ий гурван алт, гурван мөнгөн медальт, Азийн наадмын аварга Айпери Медет Кызыг 4:2-оор буулган авснаар Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн Монголын 10 дахь эмэгтэй тамирчин болов. Түүнчлэн ААШТ-ээс манай эмэгтэйчүүдийн 11 дэх алтан медалийг эх орондоо авчирлаа. Мөн тэрбээр ААШТ-ээс гурван медальтай болж байна.
Өмнө нь 2022, 2023 онд дараалан хүрэл медаль хүртээд байсан юм. Ийнхүү чөлөөт бөхийн эмэгтэйчүүд Монголын төрийн дууллаа эгшиглүүлж, алтан соёмбот далбаагаа Бишкекийн тэнгэрт гурвантаа мандуулав.