УИХ-ын чуулганы хуралдаанаар өнөөдөр /2026.10.16/ Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын тав дахь хэлэлцүүлгийг хийж эцэслэн баталлаа. Ингэснээр 2026 оны нэгдсэн төсвийн орлогын хэмжээг 31.9 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн зардлын хэмжээг 33.9 их наяд төгрөг байхаар тооцон баталж байгаа юм. Мөн улсын нэгдсэн төсвийг 2 их наяд төгрөгийн алдагдалтай баталлаа.
Төсвийн алдагдлын 2 их наяд төгрөгийн 1.8 их наядыг нь Засгийн газрын үнэт цаасаар, 779,2 тэрбум төгрөгийг гадаадаас зээл авч нөхөхөөр тооцжээ.
Мөн УИХ-аас төсвийг тодотгосноор ирэх арваннэгдүгээр сарын 1-нээс ахмад настнуудын тэтгэвэр 100,000-300,000 төгрөгөөр нэмэгдэнэ. Товчхондоо ажилласан жил, төлсөн шимтгэлийн хэмжээнээс хамаарч энэхүү нэмэгдэл тооцогдох юм. Жишээ татвал, улсад тасралтгүй 40 жил ажиллаж, Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн ахмадын суурь тэтгэвэр 300 мянгган төгрөгөөр нэмэгдэнэ.
Суурь тэтгэврийг ийнхүү нэмэгдүүлснээр дундаж тэтгэвэр 1.2 сая төгрөгт хүрнэ гэж Засгийн газар тооцсон. Монгол Улсын хэмжээнд 504 мянга орчим ахмад тэтгэвэр авч байна. Тэднээс 435 мянган ахмадын тэтгэвэр 100,000-300,000 төгрөгөөр нэмэгдэнэ.
Халамжийн тэтгэвэр 600 мянга, асаргааны тэтгэмж 370 мянган төгрөг болж, өснө.
Эрүүл мэндийн салбарт ажиллагсдын цалин 20 хувиар, соёл, спорт, цаг уур зэрэг төрийн үйлчилгээний албанд ажиллагсдын цалин мөн 20 хувиар нэмэгдэж, цалингийн зөрүү буурах юм. Үндсэндээ энэ оны хувьд боловсролын салбарынхны цалин 70 гаруй хувиар нэмэгдэж байгаа бол төрийн үйлчилгээний салбарт ажиллагсдын цалин 50 хувиар өслөө гэж хэлж болно.
Үүнд нийт 844,6 тэрбум төгрөг зарцуулж байна.