Улс төр

УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа

By Onon Bayarsaikhan

October 16, 2026

Нээлтэй парламентын бодлогын хүрээнд УИХ-ын гишүүд иргэдтэй уулзсаар байна. УИХ-ын 126 гишүүнээс 12 дахь нь буюу УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан 2026 оны 10 дугаар сарын 15-нд “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа. Хууль тогтоогчтой биечлэн уулзаж, санал хүсэлтээ уламжлахаар “Нээлттэй парламент” танхимыг 45 иргэн зорин ирсэн юм.

Уулзалтад ахмад настнуудын төлөөлөл идэвхтэй оролцож, тэтгэвэр тэтгэмжийг бодитой тогтоох, орон байр, эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах асуудлыг хөндлөө.

Ахмадуудын хөгжлийн төв, өдөр өнжүүлэх ажиллуулах, зөв зохистой, идэвхтэй амьдралын хэв маягт дэмжлэг үзүүлэхэд анхаарахыг хүссэн. Мөн дахин төлөвлөлтийн улмаас олон жил түрээсийн байранд амьдарч буй иргэдийн асуудал хөндөгдлөө.

Хүүхдийн эрүүл мэндийн асуудлыг анхааралдаа авах, ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг харьяа дүүргийн эрүүл мэндийн төвд IQ зэргийг оношилдог болох зэрэг хүсэлт, саналыг иргэд гаргаж, УИХ-ын гишүүн нэгбүрчлэн тэмдэглэж, хэрхэн шийдвэрлэх гарц, гаргалгааг танилцууллаа.