Улс төр

УИХ-ын дарга Г.Занданшатар БНТУ-ын Үндэсний Их Хурлын дарга Мустафа Шентопыг угтан авлаа

By Onon Bayarsaikhan

July 29, 2019

Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй  Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга, ноён Мустафа Шентопыг өнөөдөр (2019.07.29) их жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан авч, мэндчиллээ.      Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар эрхэм зочны хамт Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Мустафа Шентоп  хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн, гарын үсэг зурав. Дараа нь Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Мустафа Шентоп нар албан ёсны уулзалт хэлэлцээ хийлээ. Уулзалт хэлэлцээний дараа Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Мустафа Шентоп нар хэвлэл мэдээллийнхэнд товч мэдээлэл өгсөн юм.   Албан ёсны айлчлалын үеэр эрхэм зочин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхахаас гадна Монгол Улс, БНТУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулан гаргасан дурсгалын маркны нээлт болон Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг /ТИКА/-ийн санхүүжилтээр Монголын Улсын Ерөнхий прокурорын газрын Эрүүгийн хэргийн төв архивт хэрэгжсэн төслийн нээлтийн үйл ажиллагаанд оролцоно гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.