Нийгэм

УУХҮЯ-ны сайд Г.Ёндон Багануур ХК-нд ажиллаа

By Onon Bayarsaikhan

August 12, 2020

Монгол улсын Засгийн газрын гишүүн, Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны сайд Г.Ёндон, Эрдэнэс Монгол ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Ганхүү, Багануур ХК-ийн ТУЗ-ийн дарга, Эрдэнэс Монгол ХХК-ийн нэгдсэн удирдлага хариуцсан дэд захирал Ц.Батсайхан тэргүүтэй албаны хүмүүс 2020.08.02-ны өдөр Багануур ХК-д ажиллаа. Тэд өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, компанийн үйл ажиллагаа, өртөг зардлыг бууруулах чиглэлээр хийж хэрэгжүүлж буй ажилтай танилцлаа. Компанийн зүгээс зуны саруудад бороо ус ихтэй үйлдвэрлэл явуулахад хүндхэн байгаа хэдий ч өвөлжилтийн бэлтгэл ажлыг төлөвлөсөн хугацаандаа гүйцэтгэж байгаа талаар танилцууллаа. Мөн гүйцэтгэх захирал Э.Номинчулуун өртөг зардлыг бууруулах чиглэлээр эдийн засгийн бодит судалгаа хийж он дуустал хугацаанд дараах 4 чиглэлээр нийт 4,7 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргахаар төлөвлөөд байгаагаа танилцуулав. Үүнд: – Уулын ажлын чиглэлээр 2.43 тэрбум – Техникийн чиглэлээр 1.73 тэрбум – Эд анги сэргээн засварлах 0.33 тэрбум – Санхүүгийн чиглэлээр 0.22 тэрбум УУХҮЯ-ны сайд Г.Ёндон ажилтнуудын цалинг бууруулахгүй, орон тоо цөөлөхгүйгээр хөдөлмөр зохион байгуулалтыг сайжруулж, өндөр хүчин чадалтай техникуудын ашигт ажиллагааны цагийг уртасгаж, далд нөөцийг илрүүлж зардлаа хэмнэж ажиллахыг үүрэг болголоо.