Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны есдүгээр сарын 08-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Орон нутагт халдварын тохиолдол нэмэгдэж байна
Цар тахлын тохиолдол дэлхийн улс орнуудад буурахгүй байна. ДЭМБ-ын мэдээллээр 2021 оны есдүгээр сарын 7-ны байдлаар “Ковид-19”-ийн цар тахал дэлхийн 225 улсыг хамарч, нийт 221.9 сая хүн халдвар авсны 4.5 сая нь нас барж, 198.5 сая нь эдгэрчээ. Харин манай улсад өнөөдрийн байдлаар 240.938 хүн өвчилсний 242.695 нь эдгэрсэн байна. Нийт халдварын 104.758 нь орон нутагт, 135.252 нь нийслэлд бүртгэгджээ.
Улсын хэмжээнд цар тахлаар 0-18 насны 46.019 хүүхэд өвчилсөн нь нийт халдварын 19.5 хувийг эзэлж, тэр дундаа 0-4, 5-11 насныхан нийт өвчилсөн хүүхдүүдийн 68 хувийг эзэлж байна. Коронавируст халдвараар өвчилсөн 2687 хүүхэд есдүгээр сарын 6-ны байдлаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
Вакцины III тунд 134.991 хүн хамрагджээ
Засгийн газраас дөрвөн төрлийн вакцины нийт 6.188.590 тунг татан авч, хүн амаа вакцинжуулж байна. Вакцины нөөц хангалттай байгаа учир амын дунд дархлаажуулалт өндөр хувьтай явагдаж байна. Есдүгээр сарын 7-ны байдлаар улсын хэмжээнд нийт хүн амын 69.0 хувь нь дархлаажуулалтын нэгдүгээр тунд, 64.8 хувь нь хоёрдугаар тунд хамрагдаад байна. Мөн вакцины гуравдугаар тунд өнөөдрийн байдлаар 139.991 хүн хамрагджээ.
Улсын хэмжээнд өссөн дүнгээр жирэмсэн эмэгтэй 6114, хөхүүл эмэгтэй 5772, 12-15 насны хүүхэд 183.564, 16-17 насны 74.655 хүүхэд вакцины эхний тундаа хамрагдсан байна.
Нийслэл, дүүргийн Газрын албатай холбоотой гомдол хамгийн их байна
Авлигын индексийг бууруулах зорилго бүхий ажлын хэсгээс танилцуулга хийв. Авлигатай тэмцэхэд хамгийн их чөдөр тушаа болж буй зүйлс нь улс төрийн намын санхүүжилт, төрийн өмчит компаниудын засаглал, тендер шалгаруулалт гэх судалгааны дүн гарчээ. Иймд засаглалыг сайжруулж, тендер шалгаруулах үйл явцыг ил тод болгохоор ажиллана гэж ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
Үүнд гадаадын зарим орны авлигатай тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа сайн туршлага, шүгэл үлээгчтэй холбоотой хууль тогтоомж, дагнасан шүүх байгуулах, төрийн үйлчилгээг цахимжуулахтай холбоотой гадны зөвлөх үйлчилгээний байгууллагаас үйлчилгээ авах, үүнтэй холбоотойгоор төрийн албан хаагчдын ажлын байрны зураглал гаргах тухай мэдээллээ.
Улмаар авлигын индексийг бууруулах ажлын хүрээнд тусгай зөвшөөрлүүдийг багасгах, хүний хүчин зүйлээс хэт хамааралгүй болгох зэрэг саналуудыг боловруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг холбогдох сайд нарт даалгалаа.
Засгийн газрын олон нийттэй харилцах 11-11 төвд авлигатай холбоотой иргэдийн санал гомдлыг хүлээн авч эхэлсэн. Өнгөрсөн дөрвөн долоо хоногийн хугацаанд нийслэлийн дүүргүүдийн газрын албаны үйл ажиллагааны хүнд сурталтай холбоотой гомдол хамгийн их иржээ. Иймд ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд Нийслэлийн Газрын алба, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамыг танилцуулга хийхийг мөн даалгалаа.
Товч мэдээ
- 2021 оны Засгийн газрын шийдвэрийн биелэлтийн явцыг яам, агентлаг, аймаг, нийслэлийн эхний хагас жилийн дүнгээр нэгтгэж танилцуулав. Ерөнхий сайд Засгийн газрын хурлаар хэлэлцэж байгаа асуудлуудын биелэлтийг ч тогтмол танилцуулахыг үүрэг болголоо. Мөн биелэгдээгүй асуудлуудыг дахин нягтлан хариуцлага тооцож байх нь зүйтэй гэж үзлээ.
- Мэргэжлийн боловсролын бодлого, зохицуулалтын талаар Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Засгийн газрын хуралдаанд танилцуулав. Улмаар зарим их, дээд сургуулийг хотоос нүүлгэх, ХААИС-ийн зарим факультетийг Дархан-Уул аймаг руу нүүлгэх төлөвлөгөөг танилцуулахыг хуралдаанаас үүрэг болголоо.
- Бүгд Найрамдах Франц Улсын Парис хотод 2020 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр гарын үсэг зурсан “Иргэний аюулгүй байдлын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг баталлаа.
- “Туул-Сонгино усны нөөцийн цогцолбор” төслийг хэрэгжүүлэх зорилгоор Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэгт таван байршилд нийт 43.6 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авч, газрын байршил, хилийн заагийн эргэлтийн цэгийн солбицол, талбайн хэмжээг баталлаа.
- Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих Хэнтий аймгийн Чингис хот-Дадал сум чиглэлийн 50 км хатуу хучилттай авто замын барилгын ажилд шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицлыг баталлаа.
- Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан БНСУ-аас 360 мянган тун томуугийн вакцин худалдан авсныг өнөөдөр хүлээн авна. Тус вакциныг “Ковид-19”-ийн эсрэг вакцинд хамрагдаагүй бага насны хүүхдүүдэд түлхүү хийхээр төлөвлөж байна