Олон улс

ФРАНЦ УЛС 2021 ОНООС НҮҮРС АШИГЛАДАГ БҮХ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦАА ХААНА

By ganaa

January 29, 2018

 

 

Дэлхийн дулаарлыг сааруулах, хүлэмжийн хийг багасгахад дэлхийн томоохон улс орнууд маш ихээр анхаар ажиллаж байгаа билээ. Франц улс нүүрс түлдэг бүх цахилгаан станцаа 2021 оноос хаахаар төлөвлөж байна хэмээн “Спутник” агентлаг мэдээллээ.

Швейцарийн Давос хотноо саяхан болж өнгөрсөн Дэлхийн эдийн чуулга уулзалтын үеэр Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон үг хэлэхдээ “Манай улс нүүрс түлдэг бүх дулааны цахилгаан станцаа 2021 он гэхэд хаана. Бид үеэ өнгөрөөсөн бохир эрчим хүчний эх үүсвэрүүдийг сэргээгдэх эрчим хүчээр солих болно” хэмээн хэлжээ.   Франц орныг “уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэгч жишиг улс” болгохыг зорьж буйгаа Э.Макрон мөн илэрхийлээд, “Ийм өөрчлөлт хийснээр манай улсын өрсөлдөх чадвар ч ахина” хэмээн онцлон хэлжээ.

Түүнээс өмнө Францын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Франсуа Олланд “Франц улс 2023 он гэхэд нүүрс түлдэг цахилгаан станцуудаа хаана” гэж байсан юм.

 

Юутай ч дэлхийн улс орнууд нүүрс шатааж агаар бохирдуулж эрчим хүч үйлдвэрлэдэг технологиос татгалзаад эхэллээ. Сэргээгдэх эрчим хүчийг дэлхий дахинаа ихээхэн анхаарч хөгжүүлж байна. Азийн зарим улс орнууд агаарын бохирдлын эсрэг дотоод шаталтат хөдөлгүүр бүхий машинаа багасгаж хосолсон хөдөлгүүр бүхий болон цахилгаан автомашинуудыг үйлдвэрлэлд нэвтрүүлэхээр судалгаа шинжилгээний ажлуудыг эрчимтэйгээр хийж байна.