Нийгэм

Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан болно

By Onon Bayarsaikhan

February 07, 2022

2021 оны гуравдугаар сарын 23. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир Ерөнхийлөгчийн гаргасан захирамжтай холбоотойгоор сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрээр, Монгол Улсын Ерөнхийлөгч МАН-ыг тараах тухай захирамж гаргасан. Өнөөдөр өөрийн биеэр Улсын Дээд шүүхэд нотлох баримт, бичгийг хүргүүлэх байсан. Гэсэн хэдий ч Дээд шүүхийн байранд гарсан халдварын нөхцөл байдалтай холбоотойгоор шүүгч нар хүрэлцэн ирэх боломжгүй болсон. Энэ байдлыг хүндэтгэн хүлээн авч, Улсын Дээд шүүхэд өгөх гэж байсан материалуудаа бичиг хэргээр хүргүүлж байна. Мөн Ерөнхийлөгчийн Тамгын газрын сайтад байршуулах юм гэлээ. ГЭРЭЛ ЗУРГИЙГ Б.БЯМБА-ОЧИР/MPA

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр товлогдлоо.

Хуралдаанаар Ардын чуулган нам, Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам, Монголын Төв нам үүсгэн байгуулсныг бүртгүүлэх, Монгол Ардын намын дарга, намын шинэчилсэн хөтөлбөр, үндсэн дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг бүртгүүлэх, Ардчилсан намын үндсэн дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг бүртгүүлэх, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намын даргыг бүртгүүлэх тухай хүсэлтүүдийг тус тус хэлэлцэнэ.

Мөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн зарим зүйл, хэсгийг тайлбарлах тухай тогтоолын төсөл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.2-т заасны дагуу Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс ирүүлсэн санал үндэслэлтэй эсэхийг шийдвэрлэх, Улс төрийн намын бүртгэл хөтлөх журамд нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг хэлэлцэх юм.

Түүнчлэн Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны дэгд заасны дагуу Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох зохицуулалтыг тайлбарлах тухай “хууль тайлбарлах хэрэгцээ, шаардлага, тайлбарын цар хүрээ, арга зүйг тодорхойлсон” Эрүүгийн хэргийн танхимын саналыг хэлэлцэж, зөвшөөрөл олгох эсэх асуудлыг хэлэлцэнэ.