Эдийн засаг

Репо арилжаагаар банкуудад 74.3 тэрбум төгрөгийн эх үүсвэр олголоо

By Onon Bayarsaikhan

September 22, 2022

Монголбанкнаас 2022 оны 3 дугаар улирлын ээлжит урт хугацаат репо арилжааг Мөнгөний бодлогын хорооны 2021 оны 4 болон 2022 оны 1 дүгээр тогтоолд үндэслэн Мах бэлтгэл; Эм, эмнэлгийн хэрэгсэл, урвалж оношлуур, түүхий эд, тоног төхөөрөмжийн зохистой нөөцийг дотоодод бүрдүүлэх үйл ажиллагаанд зориулан 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр зохион байгуулж, 74.3 тэрбум төгрөгийг банкуудад олгов.

Монголбанкны Ерөнхийлөгчийн 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн А-239 дүгээр тушаалаар  мах бэлтгэн нийлүүлэгчид олгох зээлийн нөхцөлийг дараах байдлаар баталлаа. Үүнд:

  1. Аж ахуйн нэгжид олгох зээлийн хүү нь репо арилжааны хүү + 3 нэгж хувиас хэтрэхгүй байх;
  2. Аж ахуйн нэгжид олгох зээлийг урт хугацаат репо арилжааны эх үүсвэрээр олгох;
  3. Урт хугацаат репо арилжааны эх үүсвэрийн 70 хувиас багагүй дүнгээр шинэ зээл олгох;
  4. Бусад нөхцөл нь Монголбанкны Ерөнхийлөгчийн 2022 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн А-34 дүгээр тушаалын хавсралтаар баталсан нэмэлт нөхцөлтэй ижил байх.

Харин эм, эмнэлгийн хэрэгсэл, урвалж оношлуур, түүхий эд, тоног төхөөрөмжийн зохистой нөөцийг дотоодод бүрдүүлэх хүрээнд олгох зээлийг Монголбанкны Ерөнхийлөгчийн 2022 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн А-34 дүгээр тушаалын хавсралтаар баталсан нөхцөлөөр олгоно.

Хөтөлбөртэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авах боломжтой.