“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Ногоон хөгжил” төслийн хамт олон цагаан тоосны дэгдэлт дарах зорилгоор Хаягдлын аж ахуйд зурвас үүсгэн 2 сая 160 мянган мод тарьж ургуулснаа Баяжуулах үйлдвэрт хүлээлгэн өглөө. Баяжуулах үйлдвэрийн технологийн хаягдал булинга хадгалах талбайн 34.3 га газарт одоо зургаан зүйл ургамал ургаж байна. Төслийн багийнхан найман км-т нь үрээр хайлаас тарьсан бөгөөд энэ төрлийн мод нь нүүрсхүчлийн хийг хамгийн их шингээж, салхи задалж, хүчийг сааруулах өндөр ач холбогдолтой хэмээн мэргэжилтнүүд үзжээ. Энэхүү ажлын үр дүнд гурван жилийн дараа Хаягдлын аж ахуйг тойрсон ногоон төгөл бий болно гэдэгт “Ногоон хөгжил” төслийн багийнхан итгэлтэй байгаагаа энэ үеэр илэрхийлсэн. Цаашид Хаягдлын аж ахуйн ногоон зурвас дахь хоёр сая гаруй модны ургалт, арчилгаа үйлчилгээг баяжуулагчид хариуцахаар хүлээн авлаа.