Эдийн засаг

Түлш шатахууны “ҮНИЙГ ЧӨЛӨӨЛ”

By Onon Bayarsaikhan

November 29, 2022

Монгол улс дизель түлшний хомсдолд ороод нэлээн хэд хонож байна. Цаашлаад энэ байдал удаан үргэлжилвэл манай улсын эдийн засагт маш том эрсдэл үүсч, эдийн засаг бүхэлдээ зогсох аюулд орно.

Манай улсын дизель түлшний сарын хэрэглээ 80 мянган тонн байдаг. Үүний 60 орчим хувийг “Роснефьт” компани нийлүүлдэг,үлдсэн 40 хувийг нь бусад трейд компаниуд нийлүүлдэг байна.

Монгол Улсын хувьд нефтийн бүтээгдэхүүнийг боловсруулж эцсийн бүтээгдэхүүн болгодоггүй, 100 хувь импортоор шатахууны хэрэгцээгээ хангадаг тул ҮНЭ ТОГТВОРТОЙ БАРИХ гэдэг бодлого энэ салбарын хувьд байж боломгүй алдаатай бодлого юм. Төр засгаас ард түмэндээ амалсан амлалтаа биелүүлэхийн тулд хэсэг хугацаанд үнийг хүчээр барьж болох ч  эцэстээ импортлогчид дампуурч, 100 хувь гадны компани түшиглэхээс өөр гарцгүй үлдэнэ.

Шатахуун импортлогчдоо байнга сүрдүүлж, тусгай зөвшөөрлийг нь хурааж авна  гэж дарамталдаг учраас импортлогчид үнэ тогтвортой барьж байх үедээ үнэтэй түлш авах боломж байсан ч авдаггүй байна. Валютын ханш огцом өссөн тул ам.доллараар авч буй өртөг гадна талд тогтвортой ч монгол төгрөг рүү шилжүүлэхээр компаниудад алдагдалтай гарсаар байдаг. Хэдийгээр  12 дугаар сард дэлхий нийтэд нефтийн үнэ бууна гэж байгаа ч ам.доллартай харьцах төгрөгийн ханш өссөн хэвээр байвал Монгол дахь үнэ буух ямар ч боломжгүй юм.

Засгаас ОХУ-тай гэрээг таван жилээр хийчихсэн тул үнэ таван жилдээ өөрчлөгдөхгүй гэж байгаа нь ташаа мэдээлэл юм, үндсэн нийлүүлэлтийн гэрээг таван жилээр хийсэн ч үнэ төлбөрийг жил жилээр харах тухай гэрээнд заасан байдаг байна.

Зүй нь бол импортлогчдыг чөлөөт зах зээлийн зарчмаар нь ажиллуулан   дотооддоо үйлдвэрлэдэггүй бүх бараа бүтээгдэхүүн, тэр дундаа түлш шатахууны үнийг чөлөөлөх зайлшгүй шаардлагатай байна. Тэгэхгүй бол хэдий болтол үнэ тогтвортой барьж байгаа нэрээр түлшгүй таг зогсоцгоох вэ.