Улс төр

Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцээд саналаа Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлэхээр боллоо

By Onon Bayarsaikhan

April 18, 2023

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны дөрөвдүгээр сарын 12-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачлан боловсруулсан Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд өгөх Засгийн газрын санал, дүгнэлтийг хэлэлцээд Ерөнхийлөгчид уламжлахаар тогтлоо.Улс төрийн намын бүртгэлтэй холбоотой асуудлыг илүү нарийвчлан зохицуулах, тухайлбал, намын хөрөнгийн хэмжээ, түүний өөрчлөлтийн талаар хэрхэн яаж бүртгэж баталгаажуулах, улсын бүртгэлийн гэрчилгээнд ямар мэдээллийг тусгах, бүртгүүлэх болон өөрчлөлт, хөдөлгөөнийг хийхэд бүрдүүлэх баримт бичиг болон түүнийг ямар үндэслэлээр, хэн, ямар журмаар хэрхэн хийх, улсын бүртгэлийн мэдээллийн санд хэрхэн оруулах, сангаас лавлагаа авах зэрэг бүртгэлтэй холбоотой асуудлыг тодорхой болгох саналыг төсөлд тусгалаа.Мөн иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийг хангах, төрөөс хараат бус байх, улс төрийн намын санхүүжилтийн ил тод байдлыг нэмэгдүүлэх, хяналтын механизмыг боловсронгуй болгох, татан буугдсан намын эд хөрөнгийг шийдвэрлэх болон санал, дүгнэлтийн төсөлд дурдсан бусад асуудлаар хуулийн төслийг сайжруулах талаарх саналыг өглөө.    Товч мэдээ·      Олон улсын автотээврийн харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг дэмжээд, уг хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтод даалгалаа.·      Дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улс болон Доминиканы Бүгд Найрамдах Улс хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжээд уг хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтлоо.

-Өөрийнх нь хүсэлтийг үндэслэн Г.Өнөрбаярыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас чөлөөллөө.-Онхооны Хуланг Монгол Улсаас БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконг хотод суух Ерөнхий консулаар томиллоо.