Гол мэдээ

МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд Г.Занданшатар, Б.Батцэцэг, С.Амарсайхан, С.Бямбацогт нарын нэгийг нэр дэвшүүлэхээр ярьж байна

By Onon Bayarsaikhan

March 17, 2025

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль ирэх 2026 онд болно. Өөрөөр хэлбэл, өнөөгийн Төрийн тэргүүн У.Хүрэлсүхийн зургаан жилийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болох юм. Тэрбээр улиран сонгогдох боломжгүй. Учир нь, Үндсэн хуулийн өөрчлөлтөөр “Монгол Улсын Ерөнхийлөгчийг зургаан жилийн хугацаатай ганцхан удаа сонгоно” гэж заасан билээ.Тэгвэл засгийн эрхийг барьж, төрийн хувь заяаг шийдэж яваа эрх баригч нам болох МАН дотор дөрвөн улстөрчийн нэр яригдаж, тэдний нэг нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших нь тодорхой болж байгаа талаар эх сурвалж мэдээлж байна.

Тодруулбал, ирэх 2026 оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд МАН-аас УИХ-ын дарга асан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт, Хотын дарга асан, Шадар сайд С.Амарсайхан нарын нэг нь нэр дэвших магадлал өндөр байгаа аж.

Ирэх оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд парламентад суудалтай дөрвөн нам, нэг эвсэл болох МАН, АН, ХҮН нам, ИЗЗН болон “Үндэсний эвсэл”-ээс нэр дэвшин өрсөлдөцгөөнө. Энэ ч утгаараа дараагийн Төрийн тэргүүн хэн байх вэ, нам эвслүүд хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдэг яриа одооноос улс төрийн хүрээнд ийнхүү яригдаж, иргэдийн дунд ч янз бүрийн таамаг хөвөрч эхэлжээ.

Эх сурвалж: Erennews.mn