Гол мэдээ

Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан хугацаагаа хүлээгээд “Ноорог”-оос зугтаж байна

By Onon Bayarsaikhan

March 24, 2025

Өнгөрөгч долоо хоногоос эхлэн иргэн бүр “Ноорог” гэж пэйж хуудас, түүний цаана байх залуусыг хуулийнхан шалгаж байгаа талаар мэддэг болсон. Өдгөө тэдний асуудлаас болж иргэд талцан хуваагдаж, цагдаа, төрийг буруутгаж, зарим нь залуусыг чичилж байна.

Гэтэл тэдний асуудлыг олон нийтэд дэлгэх эрх бүхий байгууллага прокурорынхон амаа үдчихээд, ажиглаж сууна. Угтаа гол асуудал прокурорын байгууллагад хамааралтай болчхоод байна. 

“Ноорог”-ийг цагдаагийнхан шалгаж байгаа. Гэхдээ прокурорын зүгээс хяналттайгаар гэх.

ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл ч нийгэмд үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор прокуророос зөвшөөрвөл “Ноорог”-той холбоотой 9.3 тэрбум төгрөгийн баримтыг дэлгэнэ гэдгээ зарласан. Цаанаас нь тодорхой биш ч ерөнхий мэдээлэл өгсөн.

Харамсалтай нь, энэ нь асуудлыг намжаах бус бүр ч гал дээр тос нэмсэн үйл явц боллоо.

Энэ бүхэнд цагдаагийн байгууллагаас байнга шахам мэдээлэл хийж, үйл явц яаж эхэлснээс, ямар шатанд байгаа талаар тайлбарлах болов.

Гэтэл хэргийн “ЭЗЭН” болсон прокурорын байгууллага таг, чиг. Магадгүй ийн чимээгүй байгаа нь “түүгээр яваа гайг үүгээр дуудаж” хэрэггүй гэсэн хэн нэгний үүрэг ч байж болох юм.

Учир нь Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайханы бүрэн эрхийн хугацаа  хэдхэн хоногийн дараа дуусгавар болно. Түүнийг 2019 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар, Г.Занданшатартай зөвшилцөж, УИХ-ын олонх дэмжсэнээр тухайн оныхоо дөрөвдүгээр сарын 5-ны чуулганы нэгдсэн хуралдаанаар томилсон байдаг.

Прокурорын тухай хуулийн 46.1-т “…Прокурорын байгууллагыг Улсын ерөнхий прокурор тэргүүлнэ. Улсын ерөнхий прокурорыг Ерөнхийлөгч УИХ-тай зөвшилцөн зургаан жилийн хугацаагаар томилно” гэж заасан байдаг.

Тэгэхээр Б.Жаргалсайханы бүрэн эрхийн хугацаа 2025 оны дөрөвдүгээр сард дуусгавар болно. Тиймээс л мань Б.Жаргалсайхан олон нийтийг хамарсан асуудлыг харсан ч хараагүй мэт, мэдсэн ч мэдээгүй мэт үл ойшоон өнгөрөхөөр шийдчихэв бололтой.

Эх сурвалж: Erennews.mn