Авлигын эсрэг хуульд 2020 онд өөрчлөлт оруулснаар АТГ-ын даргыг нэг удаа улираан томилж болох эрх зүйн орчин бүрдсэн. Харин АТГ-ын дарга З.Дашдаваагийн зургаан жилийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж байгаатай холбогуулан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ түүнийг АТГ-ын даргад дахин нэрийг нь дэвшүүлж, улираан томилох саналаа Засгийн газрын хуралдаанд танилцуулав.
Ингэснээр УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн /2025.04.03/ хуралдаанаар З.Дашдавааг АТГ-ын даргад дахин томилох эсэх асуудлыг хэлэлцэж, гишүүдийн олонх дэмжснээр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн, томилохоор боллоо.
Тэгвэл АТГ-ын даргад З.Дашдавааг улираан томилох нь УИХ дахь АН-ын бүлгийн зарим гишүүнд таалагдахгүй байгаа бололтой. Учир нь, тэдгээр гишүүн АТГ-аар үйлчлүүлж байсан, эсвэл үүдийг нь сахиад удаж байгаа нөхөд байна. Тэд бол “Нүүрсний” гэх тодотголтой хэрэгт яллагдагчаар татагдаж байсан Р.Сэддорж, Хөгжлийн банкны хэрэгт холбогдож, ял сонссон Дав.Цогтбаатар, Баян-Өлгий аймгийн эмч нарын хэрэгт яллагдагч болж явсан Б.Бейсен, Хятадуудад давуу байдал олгосон хэргээр шалгагдаж байсан Б.Пүрэвдорж, Дундговь аймгийн Засаг дарга байхдаа хэрэгт холбогдож байсан Ц.Мөнхбат, “Хөгжлийн банк”-ны хэрэгт холбогдсон “Фортуна” Б.Батбаярын охин Б.Жаргалан, Сүхбаатар аймгийн удирдлагуудад давуу байдал олгосон гэх хэрэгт гэрчээр дуудагдаж явсан Ж.Батсуур, Н.Ганибал нарын гишүүд юм.Өөрөөр хэлбэл, дээрх нэр бүхий АН-ын гишүүд З.Дашдавааг АТГ-ын даргаар дахин томилогдоход нь “тушаа” болж мэдэхээр байна.
Эх сурвалж: Erennews.mn