
Онцгой байдлын албаны мэдээлснээр ой, хээрийн найман түймэр гарсны гурав нь Хэнтий аймагт байна. Тодруулбал,
- Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Адарга багийн “Баруун-Улиастай” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 178 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 8 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 04.09-ний өдрийн 16:43 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Адарга сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, орон нутгийн иргэд хээрийн түймрийг унтраахаар ажиллаж 18:35 цагт унтраасан. Уг гал түймэрт урьдчилсан байдлаар 4 га тайлбай өртөж шатсан.
- Хэнтий аймгийн Баянхутаг сумын Жаргалант багийн “Жаргалантын урд-Энгэр” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 50 км-т, сумын төвөөс зүүн зүгт 58 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 04.09-ний өдрийн 17:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Түмэнцогт сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, Баянхутаг сумын мэргэжлийн ангийнхан, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын мэргэжлийн ангийнхан хээрийн түймрийг унтраахаар ажиллаж 22:37 цагт унтраасан. Уг гал түймэрт урьдчилсан байдлаар 4500 га талбай өртөж шатсан мөн Хэнтий аймгийн Баянхутаг сумын Жаргалант багийн малчин Д-гийн отрын 4 ханатай гэр, 14 метрийн урттай малын хашаа өртөж бүрэн шатсан.
- Хэнтий аймгийн Баянмөнх сумын Дулаан багийн “Баянцогтын булан” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 75 км-т, сумын төвөөс зүүн зүгт 25 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 04.09-ний өдрийн 18:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид, тус сумын мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд хээрийн түймрийг унтраахаар ажиллаж 20:13 цагт унтраасан. Уг гал түймэрт урьдчилсан байдлаар 56.6 га тайлбай өртөж шатсан.