Гол мэдээ

Т.Бадамжунайн “тансаглал” дуусах болоогүй юу

By Onon Bayarsaikhan

May 06, 2025

Засгийн газраас “Шувуу” ажиллагаагаар сүртэй нь аргагүй авч ирээд, хэрэг нь таг болчихдог хэсэг хүн бий болох нь ээ. Тэдний нэг нь ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунай. Түүнийг “Шувуу” ажиллагааны хүрээнд Филиппинээс авч ирээд жил гаруйн хугацаа өнгөрч байна. Тэр цагтаа Хотын ерөнхий менежер, УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайдын албанд заларч явсан. Гэвч тухайн цаг үедээ авлига, албан тушаалын гэмт хэргүүд үйлдсэн нь сүүлд ил болж, сэргээн шалгах нэрээр авч ирсэн.

Харамсалтай нь эх орноосоо 5-6 жил оргож, бусгаж явсан Т.Бадамжунайг авч ирээд дөрөвхөн сар хорьж, шалгаж, шүүж дуусаагүй байхад эрүүл мэндийн гэх шалтгаанаар батлан даалтад гарсан.

Одоо бол тэр хилийн хоригтой, гадуур байцаалт өгч буй нэртэй эх орондоо тарвалзаж байгаа. Тэгж тарвалзахын дээр хуулийнхан ч мань хүнийг яг аль хэрэгт нь холбогдуулан шалгаж байгаа тухайгаа ихэд нууцалдаг.

Уг нь түүнд “албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, хууль бусаар газар эзэмшсэн, хахууль өгөхийг завдсан, бусдад давуу байдал бий болгосон, мөнгө угаасан” гэх хэргээр шалгаж байгаа гэсэн ч сүүл шүүхээс нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан түүхтэй.

Гэвч өнгөрсөн хугацаанд Т.Бадамжунай өвдсөн гэхээс өөр мэдээлэл ч үгүй боллоо. Магадгүй цаашдаа сүртэй нэртэй баривчилгааны цаана, түүнтэй түрийвч нэг улстөрчдийн тушаалаар болоод гацсан хэрэг ч болж хувирч мэдэх нь ээ.  

Эх сурвалж: Erennews.mn