
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн саяхан Байнгын хорооны хуралдааны үеэр “Намайг дулааны үнийг хоёр дахин нэмье гэвэл ардын дайсан мэтээр цоллох байх. Гэхдээ дулааны үнэ нэмэхгүй л бол цаашид нэг ч орон сууц дулаанд холбогдохгүй” гэж байна билээ. Угаасаа тэр дулааны үнийг нэмсэн, нэмээгүй ардын дайсан.
Учир нь, Улаанбаатарын одоогийн түгжрэл, сургууль, цэцэрлэггүй цементэн ширэнгүүдийг Б.Чойжилсүрэн л бий болгосон. Одоо ч ХУД-ийн хэд, хэдэн газрыг цементэн ширэнгэ болгохоор зэхэж, тухайн орчны иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад байгаа. Тухайлбал, Сэлбэ голуудын эрэг, Улаанбаатар паласын газар гээд тоочвол олон…
Түүний барьсан хорооллуудад хүүхдийн тоглоомын талбайгаас эхлээд цэцэрлэг, сургууль ч байхгүй. Ингэснээрээ Боловсролын тухай, Хот байгуулалтын тухай, Газрын тухай хуулиудыг тус тус зөрчсөн байдаг.
Тэгсэн одоо Эрчим хүчний сайдаар ажиллаж байгаа хэрнээ цахилгаан, дулааны үнийг нэмэхээс өөрийг юу ч хийхгүй л яваа. Тэр ч утгаараа Б.Чойжилсүрэн аль хэдийн ардын дайсан болчихсон. Удахгүй хэдхэн сарын дараа дулааны үнэ нэмнэ.
Анхнаасаа Б.Чойжилсүрэнг Эрчим хүчний сайд болох гэж байхад ашиг сонирхлын зөрчилтэй гэдгийг хүн бүр хэлж, мэдэж байсан. Гэвч Ерөнхий сайдын саналаар УИХ-ын гишүүд нь дэмжсэн.
Харин өнөөдөр тэр хүн цахилгаан, дулааны үнийг нэмэхээс өөр сонголтгүй сууж байна. Дээрээс нь Б.Чойжилсүрэн “Эрчист Монгол”-д эрчим хүч, дулааны салбарын компаниудыг өгөхгүй, дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэхийн тулд өөрийн мэдэлдээ үлдээхээр зүтгэж байгаа.
Уг нь Засгийн газраас төрийн өмчит уул уурхайн 44 компанийн үйл ажиллагааг нь удирдлага, менежментээр хангах үүрэг бүхий нэгтгэж “Эрчист Монгол”-ыг байгуулсан. Атал өнөөх Б.Чойжилсүрэн нь тэдгээрийг нь нэгтгэхгүй хэмээн зүтгэж, тус компанийн ажлыг уях болжээ.
Эх сурвалж: erennews.mn