Цахим спортын “Counter Strike 2” тоглоомын нэгдүгээр зэрэглэлийн BLAST Bounty Fall 2025 тэмцээний шувтаргын тоглолт Бүгд Найрамдах Мальта Улсад болсон.
Шөвгийн дөрөвт манай улсын “The MongolZ” баг дэлхийн аварга, дэлхийн чансааг тэргүүлэгч Францын “Team Vitality” багтай “Во3” (гурван “map”-аар ялагчийг тодруулах) журмаар тоглож, 2:0 онооны харьцаатай ялалт байгуулсан.
Харин аваргын төлөө өнгөрсөн шөнө тэд ОХУ-ын “Team Spirit” багтай “Во5” журмаар тоглож, 0:3 онооны харьцаатай хожигдлоо.
Энэ тоглолтод манай баг эсрэг багийн сонгосон “Nuke map” дээр хамгаалах талаас 6:6 тооны харьцаатай байраа сольсон ч довтлох дөрвөн үе дараалан алдаж эхлүүлснээр 13:11-ээр хожигдсон.
Харин өөрийнхөө сонгосон “Mirage map” дээр довтлох талаас хоёр онооны зөрүүтэй байраа сольсон боловч нэмэлт үе гаргаж, 13:16 тооны харьцаатай ялагдсан.
Ийнхүү хожигдох эрхгүй “Ancient map”-ийг хамгаалах талаас дөрвөн үеийн зөрүүтэй байраа сольж, довтлох талаас ердөө нэг л үе авснаар 5:13 тооны харьцаатай дуусгав.
Ингэснээр “The MongolZ” баг BLAST Bounty Fall 2025 тэмцээний дэд байрт шалгарч, 68,437 ам.долларын шагналын эзэд болсон.
Харин аваргын цом өргөсөн “Team Spirit”-ийн хувьд 287,813 ам.долларын шагнал авч байгаа юм.
“The MongolZ” баг үргэлжлүүлэн энэ сарын 20-24-ний хооронд Саудын Арабын ЭрРияд хотноо зохиогдох 1.2 сая ам.долларын шагналын сантай Esports World Cup 2025 тэмцээнд оролцох хуваарьтай байна. Тэд энэ долоо хоногийн Лхагва гарагийн 22:15 цагаас Германы “GamerLegion” багтай тоглохоор оноолт таарчээ.