“Байгаль орчны судалгаа, шинжилгээний төв” УТҮГ, Завхан аймгийн Засаг даргын Тамгын газар, ХААИС-ийн Агроэкологийн сургууль болон “Гарааны ногоон дэлхийн чанар” ХХК хамтран Завхан аймагт арц тарьж ургуулах судалгааны ажлыг хэрэгжүүлж байна.
Монгол Улсын хэмжээнд арцны хамгийн том нөөц Завхан аймагт байдаг. Тиймээс уг судалгаагаар арцны нөөц, тархац, одоогийн төлөв байдлыг тодорхойлох, хүлэмжид тарьж ургуулах туршилт хийх, эрэлт хэрэгцээ болон худалдааны эргэлтэд суурилсан нийгэм-эдийн засгийн судалгааг эхлүүлжээ. Мөн тархацтай газруудыг хашиж, хамгаалах зэрэг цогц ажлуудыг хэрэгжүүлж байна.
Судалгааны ажлын явцын талаар аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр, “Байгаль орчны судалгаа, шинжилгээний төв” УТҮГ-ын албаны дарга Э.Анхбаяр, ХААИС-ийн Экологийн тэнхимийн багш доктор, дэд профессор М.Хишигжаргал нар уулзаж ярилцжээ.
Арцыг үрээр болон мөчрөөр ургуулах ажлыг олон хувилбараар өргөжүүлэх, арцны экологийн болон эдийн засгийн үнэлгээ, хамгаалалт, ашиглалтын нарийвчилсан судалгааг тогтвортой явуулах чиглэлд хамтын ажиллагааг өргөн цар хүрээнд үргэлжлүүлэхээр болжээ.