Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням “Зэсийн үнэ өсөж буй боломжийг ашиглан орд газруудаа хайж илрүүлэх зайлшгүй шаардлагатай байна” гэж ярьжээ. Түүнийхээр бол үнэ хүрч л байгаа бол юуг ч, яаж ч хамаагүй олборлож зарах сонирхолтой нэгэн бололтой.
Учир нь Сэлэнгэ аймгийн Ерөө сум дараагийн Заамар болоход тун ч ойрхон болчхоод байна. Гэтэл уул уурхай хариуцсан сайд нь ухаад байя гээд уриалаад сууж байна. Түүнийхээр бол алтны үнэ байнга өсөлттэй байдаг юм чинь ухаад байх ёстой юу. Газар нутаг, байгалийн хэвлий хэрхэх болж байна.
Өдгөө олон нийтийн анхаарлыг татаад байгаа “Чамин алт” ХХК Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны нутаг дэвсгэрийг там болгож байна.
Өмнө нь БНХАУ-ын хөрөнгө оруулалттай гэх “Чамин алт” ХХК-ийн захирлаар Улсын гарьд Б.Гантогтох ажиллаж байсан бөгөөд тухайн 2012 онд байгаль орчинд учруулсан 10.7 тэрбумын хохирлоо төлөлгүй татан буугдаж, хятад эзэд нь нутаг буцсан хар түүхтэй.
Атал 2024 онд тус компани Тусгай зөвшөөрлийн талбайг хэсэгчлэн буцаан авсан бөгөөд тэр нь Толгойт-1 орд гэсэн үг.
Мөн өнгөрөгч наймдугаар сард БОУАӨЯ-наас хяналт шалгалт явуулж “Чамин алт” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоож, хуулийн дагуу хариуцлага тооцон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахаар болсон. Товчхондоо хамаг техник, тоног төхөөрөмжийг нь лацадсан.
Тэгтэл цаадуул нь одоо ч ажилласаар байна. Ингээд харахад тухайн “Чамин алт” компани Монгол Улсын газар нутгийг сэндийчиж, алтыг нь ухаж аваад бултаж, зугтсаар өдий хүрсэн гэсэн үг.
Гэтэл Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням та “Чамин алт” ХХК-ийн Ойн тухай хууль, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журам зэргийг зөрчиж байгааг мэдэж байна уу.
Эс бөгөөс эрх мэдэлтнүүд болон хөрөнгө мөнгөний өмнө Монгол Улсын хууль дүрэм огт хамаагүй гэсэн үг үү.
Эх сурвалж: Erennews.mn