МАН шинэ даргатай болсны дараа, 11 сард Г.Занданшатарын Засгийн газарт “хөдөлгөөн” орж, 5-6 сайдаа “зайлуулахаар” төлөвлөжээ. Тэдний нэг нь Засгийн газрын ХЭГ-ын дарга С.Бямбацогт.
Зарим хүн түүнийг Засгийн газрын гал тогоог атгаж байгаа хүн үлдэнэ гэж байгаа ч үнэндээ тэр нь “үлээж” байгаа л явдал.
Угаасаа тэр 2008 онд УИХ-ын гишүүн болсноос хойш өөрийнх нь бизнес л өөдөлсөн үү гэхээс тойрог нь болоод туйлж очсон салбарууд нь ч хөгжиж, хөлөө ололгүй үлдсээр байгаа.
Тодруулбал, тэр 2020 онд ХОМ-тээ бүх хөрөнгөө 3 тэрбум 888 сая 894 мянга гэж үнэлж байсан бол 2024 онд 8 тэрбум 591 сая 229 мянган төгрөг болж өсгөжээ. Өөрөөр хэлбэл, түүний орлого дөрвөн жилийн хугацаанд 5 тэрбумаар нэмэгдсэн гэсэн үг. Энэ бол бүх нийтэд ил болсон 2020 оноос хойших л дүн. Мөн 2024 онд 3.3 тэрбумын авлагатай гэсэн байгаа юм.
Түүнээс өмнө 2008-2019 онд түүний хөрөнгө, орлого хэрхэн өөрчлөгдсөнийг тэр өөрөө л мэдэх байх.
Мэдээж С.Бямбацогтод дахиад маш олон компани бий. Цагтаа “Нью Прогресс” группын ерөнхийлөгч явсан хүн 2008 оноос хойш таван удаа УИХ-ын гишүүнээр сонгогдож, МАН-ын бүлгийн дарга, гурван удаа Байнгын хороон дарга, дөрөв дэх удаагаа сайдын суудалд заларсан.
Тодруулбал, 2016-2017 онд Хууль зүй, дотоод хэргийн сайд, 2022-2024 онд Зам, тээврийн хөгжлийн сайд явсан. Хамгийн сүүлд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт Батлан хамгаалахын сайд байсан. Харин одоо Г.Занданшатарын Засгийн газарт гал тогоог нь атгаж байгаа гэхээр МАН дотроо хэний ч талд урваж, шарваж чаддаг ёстой л “гэдэс алдахгүй” гүйдэг нэгэн гэдэг нь тодорхой харагдах биз.
Эргээд харахад түүний хувийн хөрөнгийн өсөлт, хариуцсан салбарынх нь хөгжил хоёрын харьцаа ёстой л “Дагдангийн эхнэрийн таргалсан, Цэрмаагийн турсан хоёр яг тэнцэнэ” гэдэг үгийг эрхгүй санагдуулна.
Тэр ч утгаараа МАН-ын мандатаар УИХ, Засгийн газраас зүүгдсээр ирсэн түүнийг дараагийн удаа эхлээд сайдын суудлаас, дараа нь нэр дэвших эрхээс нь ч түдгэлзүүлэх талаар гишүүд нь ярилцах болжээ.
Үүнийг нь ч Ерөнхий сайд болон түүний “арын ноён” нь мэдэрчихсэн хуучны нөхдөөс салахаар зэхэж байгааг ойрынхондоо хэлснийг цаадуул нь “бор шувуу” болгоод нисгэчхэж.
Эх сурвалж: Erennews.mn