Гол мэдээ

О.Цогтгэрэл: Хуулиар намын дарга нь бүлгийн даргаараа хавсарч ажиллаж болно

By Onon Bayarsaikhan

September 22, 2025

УИХ дахь АН-ын бүлэг ээлжит хурлаа хийлээ. Тус бүлгийн хурлаар хэлэлцсэн асуудлуудын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. 

-Ээлжит хурлаар хоёр асуудлаар мэдээлэл сонсч, тодорхой шийдвэрийг гаргасан. Нэгдүгээрт, ирэх 2026 оны улсын төсөвтэй холбоотой Төсвийн тогтвортой байдлын хууль болон Төсвийн хүрээний мэдэгдэлтэй холбоотойгоор Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн бүрэлдэхүүнээс мэдээлэл хийсэн. Хоёрт, УИХ дахь АН-ын бүлгээс баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаас нэр бүхий гишүүнтэй холбоотой хуулийн байгууллагын ажиллагааны талаар байр суурь илэрхийлж завсарлага авсан. Энэ талаар болон цаашид баримтлах бодлогын талаар хэлэлцлээ. Төсвийг боловсруулж байгаа Засгийн газар болон холбогдох албан тушаалтнууд ирэх 2026 оны төсөв төрийн оролцоог бууруулсан, татварыг бууруулсан, хөрсөн дээрээ ойртсон гэж тайлбарлаж байна. АН-ын бүлгээс бас ажлын хэсэг гараад ажиллаж байна. Дүгнэлтээ хараахан танилцуулаагүй байгаа. Ирэх жилийн төсвийг 31.6 их наядын орлого, 33 их наядын зарлага, 1.3 их наядын алдагдалтай байхаар боловсруулсан. Улсын төсвийн зарлага 33 их наяд гэж байгаа мөртлөө төсвөөс гадуур зарцуулдаг ийм зүйл заалт, мөнгөн дүн төсөвт их байдаг. Яг одоо ярьж байгаа төсөв, Монголбанк дээр бараг 7 их наяд төгрөгийн алдагдал хуримтлагдсан байдаг. Энэ бүхэн чинь төсвийн шинжтэй үйл ажиллагаа. Мөн Хөгжлийн банктай холбоотой үйл ажиллагаа, төрийн өмчит компаниудад төсвийн шинжтэй үйл ажиллагаа байдаг ч үүнийгээ улсын төсөвт тоолдоггүй.

Бас Засгийн газраас Монгол Улс өндөр татвартай орон биш гэж тайлбарладаг. Нөхцөл байдал дээр татвар, хураамж, шимтгэл нийлээд Монгол Улс өөрөө татварын ачаалал ямар байгааг харуулдаг. Тиймээс АН-ын бүлгээс татварыг бууруулах ёстой гэдэг дээр байнга байр сууриа илэрхийлж ирсэн.

Өнгөрсөн баасан гарагт С.Ганбаатар гишүүний өрөөнд гүйцэтгэх ажиллагаа явуулсан асуудалтай холбогдуулан бүлгээс ажлын хэсэг гаргаж ажиллахаар боллоо. Гэхдээ зөвхөн С.Ганбаатар гишүүнтэй холбоотой бус парламентын дархлаа, УИХ-ын гишүүний халдашгүй байдалтай холбоотой асуудлаар хууль эрх зүйл гаргалагаа гаргах нь зүйтэй гэж үзлээ. Есөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулсан.

Өнөөдрийн хурлаар бүлгийн даргатай холбоотой асуудал яригдаагүй. Ойрын үед дотооддоо ярилцаад шийднэ. Энэ бол бүлгийн дотоод бүрэн эрхийн асуудал. Хуулиар намын дарга нь бүлгийн даргаараа хавсарч ажиллаж болно, болохгүй гэсэн зохицуулалт байхгүй, чөлөөтэй асуудал.