Гол мэдээ

Х.Булгантуяа: АН-ынхан дэгийн тухай хуулийг зөрчиж байна

By Onon Bayarsaikhan

October 02, 2025

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан эхлэхэд АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл “өнөөдөр УИХ-аар хэлэлцэх хоёр хуулийн төсөл тэр дундаа Хөдөө аж ахуйн тухай хууль дээр завсарлага авах үндэслэлүүд бий. Энэ хуулиар шийдэж байгаа асуудлуудыг харахад хөдөө аж ахуй гэсэн мөртлөө зөвхөн мал аж ахуйн асуудлыг шийдсэн, шийдэж байгаа асуудал бага харагдаж байна. Иймээс завсарлага авах үндэслэл байна гэж харж байна. Хоёрдугаарт, АН-ын Улс төрийн зөвлөлөөс бүлэгт УИХ-ын даргын ёс зүйн асуудлаар, Улсын төсөв эзэнгүйдэж байгаа асуудлаар чиглэл өгч, байр сууриа илэрхийлэх шаардлага хүргүүлсэн. Ийм учраас яг одоо АН-ын бүлгийн гишүүд чуулганы танхимыг орхин гарч бүлгийн хурлаараа эдгээр асуудлыг ярилцана. Хоёрдугаарт, гишүүд ирцэндээ орчихоод чуулганы хуралдааныг орхин гарч бүлгийн хуралдаа орох ёстой. Намын удирдах байгууллагын шийдвэр “Надад хамаагүй” гэсэн гишүүд байвал суугаад үлдэж болно. Бид хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой завсарлага авахаа больлоо. Олонх ирцээ бүрдүүлээд, хурлаа үргэлжлүүлээд яв. АН-ын бүлэг одоо хуралдаж тодорхой асуудлаар санал нэгтгэх шаардлага байгааг хэлье” хэмээгээд гарч одов.

Харин УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа “УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу нам эвсэлийн бүлэг хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан завсарлага авах, завсарлага авахдаа үндэслэл, хугацааг тодорхой хэлж, энэ талаар хуралдааны тэмдэглэлд тусгуулж байх ёстой. Түүнээс биш намынхаа гишүүдийг хуралдааны танхимыг орхиод гарах уриалга дэвшүүлэх ёсгүй. Танай бүлгээс гаргасан шийдвэр байж болно. Уг асуудлаа бүлэг дээрээ танилцуулж,шийдэх ёстой. Завсарлага авах асуудлаар үг хэлэх эрх авчихаад, чулганы хурлыг орхиж гаръя гэж дэг зөрчиж болохгүй. Улс орны олон чухал асуудал чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэгдэхээр хүлээгдэж байгаа. Бид хуулийн дагуу улсын төсвөө хэлэлцэн батлах үүрэгтэй. Өвөлжилттэй холбоотой асуудлууд улстөржилттэй уялдах ёсгүй. УИХ-ын гишүүд өргөсөн тангарагтаа үнэнчээр ажлаа хийх ёстой ажлаа хийх ёстой. Аль нэг намын хуралтай холбоотой асуудал дээр хууль хяналтын байгууллага нь хийх ёстой ажлаа хийх ёстой. Бид 2026 оны нэгдүгээр сарын 01-нээс төрийн үйл ажиллагаа тасралтгүй явах эрх зүйн орчныг бүрдүүлж өгөх ёстой. УИХ-ын чуулган хуралддагаараа хуралдана. 

УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 7.5-д Монгол Улсын Үндсэн хуулийн тодорхой заалтыг илтэд зөрчсөн асуудал хэлэлцсэн, эсхүл Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг эсэргүүцэхээс бусад шалтгаанаар нам, эвслийн бүлэг, гишүүн хуралдаанд оролцохгүй байх буюу түүнийг орхиж гарахыг хориглоно гэж заасан. Уг хуулийг АН-ын гишүүд хамт баталсан. АН-ынхан дэгийн тухай хуулийг зөрчиж байна. Аль нэг намын хуралтай холбогдуулан цаг хугацаандаа төсөв батлагдуулахгүй байх байдалд хүргэж болохгүй” гэлээ.