Улс төр

Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

By Onon Bayarsaikhan

October 03, 2025

Улсын Их Хурлын чуулганы /2025.10.02/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10.00 цагт Улсын Их Хурлын 74 гишүүний ирцтэйгээр эхэлж, Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай нарын 10 гишүүн 2025 оны 6 дугаар сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. Энэ өдрийн хуралдааныг Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа даргалсан.

Улсын Их Хурлын 2025 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийн үеэр Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгээс нэг өдрийн завсарлага авсан юм. Завсарлагын хугацаа дууссантай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ үг хэлж, энэ оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг хойшлуулах санал хүргүүлснээ буцаан татаж буйгаа мэдэгдэв. Ийнхүү хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлэг үргэлжилж, Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэхээр санал хураалт явуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож буй Улсын Их Хурлын 88 гишүүний 54.5 хувь нь дэмжлээ. Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуульд  нэмэлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг гишүүдийн 53.4 хувь нь, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг гишүүдийн хувь нь 54.5 хувь нь тус тус дэмжсэн.

Улсын Их Хурлын 2025 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Малчны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Тариалангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг гишүүдийн олонх дэмжээгүй тул “Хуулийн төсөл буцаах тухай” тогтоол батлагдсанд тооцсон болохыг Х.Булгантуяа дэд дарга мэдэгдээд, тогтоолын эцсийн найруулгыг уншиж танилцуулсан. Түүнчлэн гишүүдийн олонх Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуульд  нэмэлт оруулах тухай, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг  дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүллээ.