Спорт

Үндэсний бөхийн “Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

By Onon Bayarsaikhan

October 24, 2025

Монголын үндэсний бөхийн холбоо/МҮБХ/-ноо хоёр жил тутамд “Алтан цом”-ын барилдаан зохион байгуулдаг. Энэ жилийн тухайд барилдааныг маргааш буюу 2025.10.25-наас 2026 оны дөрөвдүгээр сар хүртэл зургаан сарын хугацаанд зохион байгуулна.

Өмнө нь 2022, 2023 оны “Алтан цом”-ын төлөөх барилдаанд бөхчүүд нутаг нутгийн дэвжээгээрээ баг болон хуваагдаж, хүчийг үзэн барилддаг байсан. Харин энэ жилээс чансаа өндөр 64 бөх үндэсний шилдэг компаниудын нэр дээр барилдах аж.

Үндэсний үйлдвэрлэгч найман компани багаа бүрдүүлэн оролцож буй үндэсний бөхийн лигт дархан аварга Н.Батсуурь, улсын аварга О.Хангай, арслан Б.Орхонбаяр Э.Оюунболд, Э.Батмагнай, Ц.Бямба-Отгон, Р.Пүрэвдагва тэргүүтэй 64 бөх барилдана. Тодруулбал, дархан аварга нэг, улсын аварга нэг, арслан тав, заан долоо, харцага 10, начин 13, аймгийн арслан 23, аймгийн заан хоёр, аймгийн харцага болон начин цолтой тус бүр нэг бөх барилдана.

“Алтан цом”-ын эхний тойрогт “Хамаг Монгол”-той “Хатант интернэшнл” баг барилдана. Харин “Эв Монгол”-той улсын арслан Ц.Бямба-Отгоноор манлайлуулсан “Хубилай хаан” баг оноолт таарчээ. Дээрх дөрвөн багийн барилдаан маргааш болно. Тэгвэл энэ сарын 26-ны Ням гаригт залуу арслан Э.Батмагнай тэргүүтэй “Эм Си Эс-Энержи” багийнхан О.Хангай аваргаар ахлуулсан “Од групп”-тэй барилдана. Улсын арслан Б.Орхонбаяр тэргүүтэй “АПУ”-гийн багтай “Хүлэгү” дэвжээнд гарах юм.

Барилдааны тасалбарын үнэ 30, 60, 90 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд shoppy.mn сайтаар худалдаалж байгаа юм байна.