Улс төр

УИХ-ын гишүүний тэтгэмжийг зогсоохыг 100 мянган иргэн дэмжжээ

By Onon Bayarsaikhan

October 27, 2025

УИХ-ын гишүүдийн тэтгэмжийн заалтыг хүчингүй болгох өргөдлийг 100 мянга гаруй иргэн дэмжсэн санал өгчээ.

Иргэн Ц.Батболд “D.Parliament.mn” цахим платформ дээр УИХ-ын гишүүний тэтгэмжийн тухай заалтыг хүчингүй болгох өргөдөл гаргаж, иргэдийн дэмжлэгийг цуглуулж эхэлсэн.

Тус өргөдөл нь Улсын Их Хурлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсэгт заасан “Гишүүний бүрэн эрх дуусгавар болсон бөгөөд тухайн үедээ ажил эрхлээгүй бол 12 сарын хугацаанд УИХ-ын гишүүний үндсэн цалингийн хэмжээнд тэтгэмж олгоно” гэсэн зохицуулалтыг хүчингүй болгох саналтай холбоотой.

Өргөдөл гаргагчийн үзэж буйгаар уг заалт нь энгийн иргэдийн хөдөлмөрийн хөлсний тэгш байдлыг алдагдуулж, гишүүдэд давуу байдал олгож байгаа бөгөөд энэ нь нийгмийн даатгалын болон бусад тэтгэмжийн хууль, мөн Үндсэн хуулийн тэгш эрхийн зарчимтай зөрчилдөж байна гэжээ.

Уг өргөдлийг 100 мянга гаруй иргэн дэмжиж гарын үсэг зурсан бөгөөд 100 мянгад хүрсэн тохиолдолд өргөдлийг УИХ-ын холбогдох байнгын хороо хэлэлцэж, шаардлагатай бол хуулийн төсөл санаачлах боломж бүрдэж байна.

Санал хураалтын хугацаа энэ сарын 28-нд дуусах бөгөөд иргэдийн оролцоо идэвхтэй үргэлжилж байна. Та өргөдөлд дэмжлэг үзүүлэхийг хүсвэл дараах холбоосоор орж гарын үсгээ өгөх боломжтой.  D.Parliament.mn