Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны бодлогын газрын дарга Ц.Бат-Энхийн санаачилгаар хэрэгжиж буй “Нэг ажилтан-Нэг цэцэг” аяны нээлт өнөөдөр Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захиргааны нэгдүгээр байранд боллоо. Өнгө алагласан цэцэгсийн хүрээлэн дунд зохион байгуулагдсан энэхүү үйл ажиллагаанд үйлдвэрийн газрын бүтцийн нэгжийн удирдлагууд, уурхайчин хамт олны төлөөлөл оролцож, үнэр анхилам, ногоон орчин сэтгэл татам байгааг ярилцаж байсан юм. Нээлтийн эхэнд Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны бодлогын газрын дарга Ц.Бат-Энх үг хэлэхдээ, “Уурхайчид тоосжилт ихтэй, агаарын бохирдолтой хүнд нөхцөлд ажилладаг. Үүнийг бид эв нэгдлээрээ, дотоод нөөц бололцоогоороо сайжруулах боломжтой. Эрдэнэт үйлдвэр 7000 гаруй ажилтантай. 7000 цэцгийг худалдан авахад, тарьж ургуулахад их зардал, цаг хугацаа шаардана. Ажилчдынхаа сэтгэлийг сэргээх, ногоон ажлын байр бий болгох, улмаар эрүүл мэндийг нь хамгаалахын төлөө уурхайчид нэгдэж чаддаг, зардалгүйгээр орчноо сайжруулж болдог гэдгийг харуулцгаая” хэмээн уриалав.
Аяны нээлтэд Соёл, урлагийн цогцолборын уран бүтээлчид ая дуугаа өргөж, бүтцийн нэгжүүд гоёмсог, ховор, содон цэцэгсээр ногоон төгөл байгуулснаа тайлбарлан, цэцэг бүрийн онцлог хэв шинж, бэлгэдэл, арчилгааны талаар зөвлөгөө өгч, гарын авлага тараасан юм. Мөн “Нэг ажилтан-Нэг цэцэг” аяны нээлтэд оролцогчид цэцэгсийн хүрээлэн дунд хөгжмийн аялгуу сонсонгоо цай, кофе ууж, цаашдын ажлаа төлөвлөн ярилцах тухтай орчин нөхцөлийг бүрдүүлсэн байв.
Эрдэнэт үйлдвэр эко системийг тэгшитгэх, ногоон нөөцийг үр ашигтай байлгах, ногоон ажлын байр бий болгох зорилгоор “Ногоон ажлын байр” хөтөлбөр хэрэгжүүлэн ажиллаж байгаа бөгөөд энэ хүрээнд “Нэг ажилтан-Нэг цэцэг” аян ийнхүү эхэллээ.