Улс төр

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд найрамдах Австри улсад айлчлал хийнэ

By Onon Bayarsaikhan

December 05, 2025

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Австри Улсын Европ, олон улсын харилцааны сайд Беате Майнл-Райзингер-ийн урилгаар 2025 оны 12 дугаар сарын 04-05-ны өдрүүдэд тус улсад айлчлал хийнэ.

Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Европ, олон улсын харилцааны сайд Беате Майнл-Райзингер-тэй албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцоно. Мөн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Вена хотноо зохион байгуулагдах Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Сайд нарын зөвлөлийн 32 дугаар уулзалтад оролцож, ЕАБХАБ-ын бие даасан институцийн удирдлага, гишүүн орнуудын төлөөлөгчидтэй хоёр талт уулзалт хийнэ. Монгол Улс, Бүгд Найрамдах Австри Улсын хооронд 1963 оны 07 дугаар сарын 1-ний өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд энэхүү айлчлал нь Гадаад харилцааны сайдын түвшинд 1992 оноос хойш хэрэгжүүлж буй анхны айлчлал юм.