Гол мэдээ

Эрчим хүчний удирдлагын тогтолцооны ISO:50001 стандартыг үйлдвэрлэлд нэвтрүүлэв

By Onon Bayarsaikhan

December 27, 2025

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ эрчим хүчний удирдлагын тогтолцооны ISO:50001 стандартыг нэвтрүүлэх, цаашдаа стандартыг сайжруулалт хийж эрчим хүчний үр ашигтай, хэмнэлттэй ажиллахаар боллоо.

Эрчим хүчний засаглалыг бизнесийн байгууллагын түвшинд бий болгох шийдэл гэж дэлхийн улс гүрнүүд хэлэлцэн тохиролцоод, Олон улсын стандарчлалын байгууллагад захиалга өгсөнөөр ОУСБ 2011 онд ISO50001 стандартыг боловсруулан гаргасан түүхтэй. Тогтвортой хөгжлийн зөвлөх үйлчилгээний Обзерв Консалтинг ЗҮБ компани 2014 онд энэхүү олон улсын стандартыг орчуулан, холбогдох талуудыг оролцуулан хэлэлцүүлэг хийж, MNS ISO 50001:2014 үндэсний стандарт болгож батлуулсан.

Энэхүү стандарт нь аливаа байгууллага эрчим хүчний хэрэглээгээ тогтвортой бууруулах замаар удирдах засаглалыг бий болгох шаардлагуудыг тогтоож өгсөн.

Энэ стандарт нь эрчим хүчийг хэмнэхэд чиглэсэн байдаг. Ихэнх хүмүүс эрчим хүч гэхээр, гэрэл цахилгаан, дулааныг л ойлгодог. Эрчим хүчний ISO50001 стандартаар эрчим хүчийг өргөн хүрээнд авч үздэг. Энэхүү стандартаар эрчим хүчний эх үүсвэрийн бүх хэлбэрийг хүлээн зөвшөөрсөн. (ISO50001:2013 3.5-д Цахилгаан, түлш, уур, дулаан, даралтат хий, болон түүний зөөгч гэх мэт бусад зүйлсийг Эрчим хүч гэнэ гэж тодорхойлсон. Өөрөөр хэлбэл та машиндаа түлш хийгээд унаж хэрэглэнэ гэдэг нь та эрчим хүч үйлдвэрлэж, хэрэглэж байна гэсэн үг. Тэгвэл энэ стандартын философи ёсоор та түлшээ хэмнэх нь эрчим хүчээ хэмнэж, дэлхийн дулаарлын эсрэг үйлсэд хувь нэмрээ оруулж байна гэсэн үг.