Улс төр

Дорнодчууд давхардсан журмууд, хэтийдсэн хүнд суртлыг арилгах “Чөлөөлье” санаачилгыг дэмжиж байна

By Onon Bayarsaikhan

January 23, 2026

Улсын Их Хурлын дарга Н.Учрал ээлжит чуулганы завсарлагааны хугацаанд орон нутгийн иргэдэд парламентын бодлого, шийдвэр, баталсан хууль тогтоомжуудаас танилцуулж, эрх зүйн шинэчлэлдээ иргэдийн санал, бодлыг тусгах зорилгоор Улсын Их Хурлын гишүүд, сайд нарын хамтаар (2026.01.22) Дорнод аймагт ажиллаж байна.

Өнөөдөр Хэрлэн сумын иргэдтэй уулзаж, монгол хүний эрх, эрх чөлөөг хязгаарлаж зөрчсөн, хааж боосон хууль, журмын хүндрэлээс салж, хүнд суртлын гох дэгээг тайлахаар “Чөлөөлье” санаачилга дэвшүүлэн, хэрэгжүүлж эхэлснээ Улсын Их Хурлын дарга танилцуулав. Энэхүү санаачилга нь Монгол Улсын иргэн бүрд Үндсэн хуульд заасан иргэний 59 эрх, эдийн засгийн 24 эрх, улс төрийн 14 эрхийг нь баталгаатай эдлүүлэхийн төлөө эрх зүйн эрүүл орчныг бүтээх багц төлөвлөгөө болохыг тэрбээр онцоллоо. Энэ хүрээнд иргэний эдийн засгийн эрх чөлөөг боомилсон хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчил, засаглал, авлига, хүнд суртал, хуулиас давсан дүрэм журмуудыг цэгцэлж, төрийн хүнд суртал, шат дамжлага, элдэв төрлийн саад тээгийг нэг мөр хуульчлан цэвэрлэхийг зорьж байгаа аж. Төрийн хэт оролцоо нь эдийн засгийн хүндрэлийн шалтгаан гэдгийг хүлээн зөвшөөрч, бизнес эрхлэгч, баялагч бүтээгчид, хууль тогтоогчид хамтдаа эдийн засгийн эрх чөлөөг хамгаалж ажиллах ёстой гэв.