Монголын Үндэсний бөхийн холбоо бөхчүүдийн чансааг шинэчлэн гаргадаг болсноор үндэсний бөхийн өрсөлдөөн шинэ шатанд гарч, онооны өрсөлдөөн улам ширүүсэх төлөвтэй болжээ. Тус холбоо Devjee.mn сайтын албан ёсны мэдээлэлд тулгуурлан барилдааны амжилтыг оноожуулж, бөхчүүдийн чансааг шинэчлэн зарлажээ. Бөхчүүдийн чансаа нь тухайн барилдаанд хэд давснаас шууд хамаардаг.
Улс, аймгийн цолтой бөхийн барилдаанд түрүүлбэл 2000 оноо, үзүүрлэвэл 1500, их шөвөгт шалгарвал 1000, зургаа давбал 600 оноо гэх мэт шатлалтайгаар нэмэгддэг.
Харин аймаг, цэргийн цолтой бөхийн барилдаанд түрүү 1000, үзүүр 600, зургаа давбал 500 оноо авах жишээтэй. Аймгийн начин, харцага цолтой бөхийн барилдаанд оролцсон тохиолдолд 40 оноо, найм давбал 750 оноо хүртэл авах боломжтой бол сумын цолтой бөхийн барилдаанд 4 даваанаас эхлэн 30 оноо авч, 10 давж түрүүлбэл 400 оноо хүртдэг.
Энэ шатлал бүхий онооны систем нь бөхчүүдийн идэвх, амжилтыг бодитоор үнэлж, жилийн турш тогтмол барилдсан бөхчүүд чансаагаа ахиулах нөхцөлийг бүрдүүлж байна. Шинэчилсэн чансааг дараах нэр бүхий бөхчүүд өнгөлж байна.
- Э.Батмагнай – Улсын арслан
- Н.Амгаланбаатар – Аймгийн хурц арслан
- Ц.Бямба-Отгон – Улсын арслан
- Б.Бат-Өлзий – Улсын заан
- С.Сүхбат – Улсын заан
- Д.Алтанцоож – Аймгийн хурц арслан
- М.Баяржавхлан – Аймгийн арслан
- О.Хангай – Улсын аварга
- Б.Даваа-Очир – Улсын начин
- Б.Зоригтбаатар – Улсын харцага
Эдгээр бөхчүүд тогтмол өндөр амжилт гаргаж, олон шатны барилдаанд амжилттай оролцсоноор чансааны дээд хэсэгт бичигдэж байна.“Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан 256 бөхийн барилдаанд найм давж түрүүлсэн Улсын заан М.Лхагвагэрэл 1550 оноо нэмж, чансааны 23 дугаарт бичигдэж эхэллээ.