Хотын дарга Х.Нямбаатар Энхтайваны гүүрийг 2026 онд шинэчлэн засварлахаар төлөвлөж буй тухайгаа өөрийн цахим хуудсаараа мэдээллээ. Тэрбээр гүүрийн ашиглалтын хугацаа дууссан ч шууд хааж засварлавал замын хөдөлгөөнд ноцтой түгжрэл үүсэх эрсдэлтэйг онцолж, “Улаанбаатарын трамвай төсөл”-ийн хүрээнд трамвайд зориулсан зэрэгцээ гүүр барих, улмаар автомашины хөдөлгөөнийг шинэ гүүр рүү шилжүүлсний дараа Энхтайваны гүүрийг засварлахаар төлөвлөсөн” гэв.
Энхтайваны гүүрийг 1958 онд Бүгд Найрамдах Хятад Ард Улс-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар барьсан бөгөөд 68 жилийн хугацаанд иж бүрэн шинэчлэл хийгдээгүй байна.
Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаярын мэдээлснээр гүүрийн хийцлэл, ус зайлуулах систем шаардлага хангахгүй болсон бөгөөд “ГБЭТ ХХК” зураг төслийн ажлыг гүйцэтгэсэн аж. Инженерүүдийн тайлбарласнаар гүүрийн явган зам доогуураа хөндий хийцтэй, ус тогтож бетоны чанарт сөргөөр нөлөөлж байгааг дурдсан байна. Түүнчлэн том оврын автомашины ачааллыг даахгүй, олон дахин чичиргээ өгөхөд эвдрэл үүсэх эрсдэлтэй гэсэн дүгнэлт гарчээ.
Шинэчлэн засварласнаар гүүрийн ашиглалтын хугацааг 15-20 жилээр сунгах боломжтой гэж тооцоолж байна. Ажлын явцад хөдөлгөөн хаах шаардлагатай үед түр гүүрэн байгууламжийг ашиглахаар төлөвлөсөн байна.