Улс төр

Ерөнхийлөгч УИХ-ын гишүүнийг ёсзүй, хариуцлагын асуудалтай холбогдуулан эгүүлэн татах тухай хуулийн төсөл санаачиллаа

By Onon Bayarsaikhan

February 27, 2026

Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын гишүүнийг ёсзүй, хариуцлагын асуудалтай холбогдуулан эгүүлэн татах тухай хуулийн төсөл санаачилсан талаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас өнөөдөр /2026.02.27/ мэдээллээ.

Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр “Монгол Улсын Ерөнхийлөгч монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгчийн хувьд төр ард түмний итгэлцлийг бэхжүүлэх, эв нэгдлийн хангах Үндсэн хуульд заасан чиг үүрэгтэй. Үүнийхээ хүрээнд иргэд олон нийтийн парламент дах хяналтыг нэмэгдүүлэх, сайжруулах үүднээс УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж УИХ-д өргөн барихаар болж байна. Монгол Улс парламентын засаглалтай орон тиймээс парламентын дархлаа парламентын нэр хүнд өөрөө тухайн улсын язгуур эрх ашиг, Үндэсний аюулгүй байдалд чухал ач холбогдолтой хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч үздэг” гэлээ.

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга А.Бямбажаргал “Иргэд олон зүйл дээр бодитой шүүмжлэл хэлж байна. Тухайлбал, авлига, хулгайн асуудалд гишүүд нэр холбогдож байна. Хулгай, луйвар хийж байна, хуурч мэхэлж байна. Адаг сүүлд нь үндсэн хийх ёстой ажил болох хууль тогтоох байгууллагынхаа үйл ажиллагаанд ч оролцохгүй гишүүд байна. Үүнийг л засъя гэж байгаа юм.

Бид бүхний нүдэн дээр үйл ажиллагаагаа явуулж байх ёстой ардчилсан парламент маань сахилга, хариуцлагагүй, зарим тохиолдолд анх өргөсөн тангаргаа мартсан байх вий гэсэн санал, сэтгэгдэл ард иргэдийн зүгээс асар их ирж байна. Тэгэхээр үүнийг л засъя гэж байгаа юм. Энэ ёс зүйгүй байдлыг төрийн эрх барих дээд байгууллагаасаа эхэлж засах хэрэгтэй. Тэгж байж ард иргэддээ хөгжил дэвшлийн тухай ярих боломж нь нээгдэх болов уу гэж бодож байна. Түүнээс бол Монгол Улсын Их Хурлын гишүүний үзэл бодлоо илэрхийлэх эрх, мандатын эсрэг шийдвэр гаргаж байгаа зүйл биш” гэсэн юм.