Гол мэдээ

Сайдуудын эрх ашиг хөндсөн Г.Амартүвшин шахалтад орлоо

By Onon Bayarsaikhan

February 28, 2026

Төрийн өмчит 44 компанийг менежментээр хангаж, хяналт тавьж ажиллуулахаар “Эрчист Монгол” компанийг байгуулсан нь нүдээ олсон зүйл байв. Ялангуяа дулааны цахилгаан станцууд, эрчим хүч, МИАТ, төмөр зам, усан цахилгаан станц, авто зам арчлалт нэгтгэл гэх мэт яах аргагүй менежмент, хяналт шаардлагатай салбарууд багтдаг. Эдгээр компаниудад шинэчлэл хийж эхлүүлээд байв. Харин “Эрчист Монгол” компанийг Г.Амартүвшин удирдаж байсан бол тэрбээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн нь олны анхааралд байна.

Гэхдээ өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөж байгаа гэх боловч сайдуудын шахалтаас үүдсэн нь ойлгомжтой. Төрийн өмчит компаниудад асар том эрх ашиг явж байгаа учраас Төрийн өмчийн хороо, Зам, тээвэр хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нарын шахалт гэдгийг эх сурвалжууд онцолж байна.

Г.Амартүвшин өөрөө ч энэ тухайд “Зарим нэр бүхий сайдууд төлбөртэй нөхдийг манайх руу явуулаад, харлуулах гэж үзээд, сошиалаар энэ нэг хэрэггүй компани, Г.Амартүвшинд зориулж компани байгууллаа гэх мэтээр ямар нэгэн байдлаар л “Эрчист Монгол” гэдэг компанийг байхгүй болгоод хуучин хэлбэр рүүгээ, зохион байгуулалтаараа явъя гэсэн мэдээлэл нэлээд явлаа. Ер нь бол Төрийн өмчийн хороо, сайдуудын элдэв дарамт шахалтаар ажил хийлгэхгүй юм байна” хэмээсэн байдаг. Өнгөрөгч намраас эхлэн тус компанид лайвчин нөхөр очиж шүүмжлэл өрнүүлж эхэлсний цаана сайдууд байсан нь ойлгомжтой.

МИАТ, Монголын төмөр зам, Авто зам засвар арчлалт нэгтгэл гэх мэт компаниудад менежмент хийж шинэчлэхээр Зам тээвэр хөгжлийн сайд Б.Дэлгэрсайханы эрх ашиг хөндөгдөнө. Мөнхүү дулааны цахилгаан станц, эрчим хүчний компаниудыг хянаад эхлэхээр Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн эрх ашиг хөндөгдөнө. Үнэт цаасны төв, Төвийн бүсийн хүнс, хөнгөн үйлдвэрийн технологийн цогцолбор, Төрийн орон сууцны корпораци гэх мэт олон байгууллагын ажлыг хянаад эхлэхээр С.Бямбацогт сайдын эрх ашиг хөндөгдөж байгаа учраас Г.Амартүвшин захирлыг шахсан хэрэг. Учир нь дээрх сайдууд эдгээр Төрийн өмчит компаниудад өөрсдийнхөө хүнийг захирлаар томилж, шахаа хийхээс эхлээд олон эрх ашиг байгаа. “Эрчист Монгол” компанийг байгуулахаас өмнө Төрийн өмчит компаниудад сайдууд өөрсдийн хүмүүсээ томилж, ТУЗ-д нь яамныхаа хурган дарга нарыг оруулчихдаг байв.

Г.Амартүвшин захирлын хувьд олон жил Төрийн өмчит компаниудыг буруу авч явсан учраас засаглалыг зөв болгох, менежмэнтийг зөв удирдах, улстөрчдийн томилгоог эсэргүүцэн тэмцэж эхэлсэн учраас сайдуудын ил далд шахалтад өртсөн хэрэг. Тухайлбал, эрчим хүчний салбарт гэхэд энэ өвөл асуудал үүссэн. Тэнд хөрөнгө оруулалт хийлгэхгүй, давхар бүтэцтэй болгож, улстөрчид томилгоонд нь оролцдог, ТУЗ нь засаглалын зарчмаар хараат бус байж чаддаггүй гэх мэт асуудлууд хуримтлагдаж, эцэст нь том асуудал үүссэн. Тус салбар жилийн жилд л 130-200 орчим тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж ирсэн гэх мэт олон асуудлыг цэгцлэх үүргийг “Эрчист Монгол” хүлээсэн.

Тиймдээ ч Г.Амартүвшин захирал “Төрийн өмчит компаниудаас улстөрчдийг хол байлгая. Компаниуд зардлын менежментээ зөв хийх ёстой. Хэрэггүй хөрөнгө оруулалтаа хойшлуулах, шаардлагагүй зардлуудаа танах, данхар захиргааны бүтцээ болих, эрчим хүчний реформ хийе, эхлэлийг тавья, бодлогыг нь өөрчлөх чиглэлд ихээхэн анхаарч ажилласан. Тэр тусмаа төрийн өмчит компаниудын ТУЗ нь яамдын газрын дарга нар биш аль болох мэргэжлийн салбарын хүмүүсээр бүрдүүлэхээр зорьсон гэх мэт асуудал нь сайдуудын эрх ашгийг хөндөж эхэлсэн.