Улс төр

Байгаль орчинд ээлтэй тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн хамтын ажиллагаа эхэллээ

By Onon Bayarsaikhan

March 02, 2026

Үндэсний музейд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон Монголын Байгалийн Өв Сан хамтран “Байгаль орчинд ээлтэй тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хамтран ажиллах” харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

Санамж бичигт Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам, Монголын Байгалийн Өв Сангийн Удирдах зөвлөлийн дарга М.Болдоо нар гарын үсэг зурсан бөгөөд энэхүү хамтын ажиллагаа нь Монгол Улсад тогтвортой аялал жуулчлалыг хамгааллын зорилготой уялдуулан хөгжүүлэх стратегийн ач холбогдолтой алхам боллоо.

Энэхүү түншлэл нь Монгол Улсын “Алсын хараа–2050” урт хугацааны хөгжлийн бодлого болон Засгийн газар, Дэ Нэйче Консерванси” (TNC), Монголын Байгалийн Өв Сангийн хамтран хэрэгжүүлж буй “Өнө мөнхийн Монгол” байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжинэ. Тус хөтөлбөр нь тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийг сайжруулах, урт хугацааны тогтвортой санхүүжилтийн механизмуудыг бий болгох, хамгааллын үр нөлөөг нэмэгдүүлэх зорилготой.

Санамж бичгийн хүрээнд талууд дараах үндсэн чиглэлээр хамтран ажиллана. Үүнд байгаль орчинд ээлтэй тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэхэд шаардлагатай бодлогын баримт бичгийг хамтран боловсруулж батлуулах, жишиг эко аялал жуулчлалын загваруудыг хөгжүүлж, хэрэгжилтийг хангах, нутгийн иргэдэд түшиглэсэн байгаль хамгаалал болон аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг төрөлжүүлэх зэрэг өндөр ач холбогдол бүхий ажлууд багтаж байна.

Мөн тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэхэд дагаж мөрдөх стандарт, шаардлагыг боловсронгуй болгож мөрдүүлэх, аялал жуулчлалын салбарт санхүүгийн хөшүүргийг оновчтой ашиглах, байгаль хамгааллын тусгай шаардлагыг зээлийн шалгуур зэрэг санхүүгийн механизмуудтай уялдуулах чиглэлээр хамтран ажиллана. Түүнчлэн олон улсын сайн туршлагад тулгуурлан тусгай хамгаалалттай газар нутагт гадаадын жуулчдаас авах байгаль хамгааллын хураамжийг нэвтрүүлэх, уг эх үүсвэрийг тогтвортой аялал жуулчлал болон байгаль хамгааллын үйл ажиллагааг санхүүлүүлэх зэрэг ажлыг хамтран зохион байгуулах юм.

Үүнээс гадна тусгай хамгаалалттай газар нутагт нэг удаагийн хуванцрын хэрэглээг бууруулах, хог хаягдлын менежментийг сайжруулах, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг бууруулах чиглэлээр судалгаа, аргачлал боловсруулан хэрэгжүүлэх, нутгийн иргэдийн мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх сургалт, чадавхжуулах арга хэмжээг зохион байгуулна.

Талууд тогтвортой аялал жуулчлалын тайлагналын загварыг Монгол Улсын Ногоон таксономи болон Тогтвортой хөгжлийн зорилтуудын санхүүжилтийн таксономитой уялдуулан боловсруулж, хөрөнгө оруулагчид болон олон нийтэд ил тод мэдээлэх тогтолцоог бүрдүүлэх чиглэлд үйл ажиллагаагаа уялдуулна.

Санамж бичиг 3 жилийн хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөх бөгөөд талууд хамтын ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж, ажлын хэсэг байгуулан жилд хоёроос доошгүй удаа эрэгжилтийг дүгнэж, сайжруулан ажиллахаар санамж бичигтээ тусгалаа.

Энэхүү хамтын ажиллагаа нь байгаль хамгааллын бодит үр нөлөөг нэмэгдүүлэх, тогтвортой аялал жуулчлалын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах таатай нөхцөлийг бүрдүүлэх, тусгай хамгаалалттай газар нутгийн хог хаягдлыг бууруулах, байгальд ээлтэй аяллын соёлыг төлөвшүүлэхэд чухал хувь нэмэр оруулах юм. Байгаль хамгаалал, соёлын өвийг хадгалах, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, нутгийн иргэдийн амьжиргааг дэмжихэд хоорондын уялдаа холбоог бэхжүүлэх энэхүү стратегийн түншлэл нь “Өнө мөнхийн Монгол” зорилтыг бодит ажил хэрэг болгох бат бөх суурь болж байна.