Спорт

120 сая төгрөгийн шагналын сантай морин тойруулгын уралдаан “АРА Комплекс”-т болно  

By Onon Bayarsaikhan

March 04, 2026

Монголд анх удаа зохион байгуулж буй хаврын уралдаан нь энэ сарын 28-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд долоо хоног бүрийн баасан, бямба гарагт зохион байгуулагдана.

Манай улсад анх удаа морьдыг гараанаас нэгэн зэрэг гаргах төхөөрөмжтэй олон улсын стандартын 2.4 км урт, 12 метр өргөн морин тойруулгын замтай, явцыг бүрэн харах боломжтой шууд дамжуулалт хийхээс гадна 500 үзэгчийн суудал бүхий орчин үеийн цогцолборт энэхүү уралдаан болно.

Уралдах морьдыг 18-аас дээш насны жокей унаач унах бөгөөд оролцогчид 400 мянган төгрөгийн хураамж төлнө.

Богино зайн морин тойруулгын уралдааныг олон улсын стандартын дагуу цувралаар зохион байгуулахдаа дөрвөн насны ангиллын морьдыг уралдуулах аж.

Улмаар баасан, бямба гараг бүрийн уралдаанаас шалгарсан морьд энэ сарын 28-нд гранпри шагналын төлөө уралдах бөгөөд энэхүү уралдааны нийт шагналын сан 120 сая төгрөг байх аж. Өнгөрсөн жилийн наймдугаар сард “АРА комплекс” анх удаа “Ара кап” богино зайн морин тойруулгын уралдааныг зохион байгуулсан.

Дашрамд дурдахад, Монголд мэргэжлийн сургалтад хамрагдан үнэмлэх авсан бүртгэлтэй албан ёсны 20 жокей байдаг.