Гол мэдээ

Хар тамхины эсрэг “NO DRUG – Ганц удаа гэж үгүй” олон ангит кино тун удахгүй дэлгэцнээ

By Onon Bayarsaikhan

March 05, 2026

“Ганц удаа л туршаад үзье” гэх нэг бодол олон залуусын амьдралын хамгийн том эргэлтийн цэг болдог. Энэ ташаа ойлголтыг залруулж, мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын бодит аюулыг олон нийтэд таниулан ойлгуулах зорилготой “NO DRUG – Ганц удаа гэж үгүй” VOO Original Series 2026 оны 3 дугаар сарын 12-ны өдөр албан ёсоор нээлтээ хийж, Mobihome өрхийн үйлчилгээ болон VOO онлайн платформоор долоо хоног бүрийн Пүрэв гарагт шинэ ангиа үзэгчдэд хүргэх гэж байна. Тус бүтээлийг А-Artist Pictures-н захирал, Ану Хатан, Хөх Тавилан кинонуудын найруулагч Т.Алтантуяа Хар Тамхитай Тэмцэх алба болон VOO-тэй хамтран бүтээсэн бөгөөд уран сайхны өгүүлэмжээр дамжуулан нийгэмд тулгамдаж буй бодит асуудлыг хөндөж байна.

Сүүлийн 9 жилийн хугацаанд Монгол Улсад мансууруулах бодистой холбоотой 2,100 гэмт хэрэг бүртгэгдэж, 2,422 хүн холбогдсоноос 64 сурагч, 216 оюутан байгаа нь уг асуудал бодит түгшүүрийн хэмжээнд хүрснийг харуулж байна. Нийт хэргийн 83 хувь нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдогчдын 56%-г 13-25 насныхан эзэлдэг. Мэргэжлийн байгууллагын тооцооллоор Монгол Улсад 60,000 орчим бодит хэрэглэгч байх эрсдэлтэй бөгөөд илэрсэн нэг хэрэглэгчийн цаана 4–6 далд хэрэглэгч байх магадлалтай гэж үздэг. Энэ нь хар тамхины асуудал танаас хол, тусдаа хүрээлэлд бус, айл өрх бүрийн хаалганы цаана байж болох бодит эрсдэл гэдгийг илтгэнэ.

Ялангуяа насанд хүрээгүй хүүхэд, өсвөр үеийнхэн хамгийн эмзэг бүлэгт тооцогдож байна. Судалгаагаар анхны хэрэглээ ихэвчлэн сониуч зан, үе тэнгийн дарамт, найз нөхдийн нөлөө болон “ганц удаа бол яах ч үгүй” гэх буруу ойлголтоос эхэлдэг. Гэвч шинжлэх ухааны судалгаагаар ганц удаагийн хэрэглээ ч тархины системд нөлөөлж, дахин хэрэглэх хүсэл, сэтгэлзүйн хамаарал үүсгэх эрсдэлтэйг тогтоосон.

Өсвөр насанд тархи бүрэн хөгжөөгүй байдаг тул сэтгэцэд нөлөөт бодисын хор нөлөө илүү хурдан, илүү гүнзгий тусах магадлал өндөр байдаг. Ой тогтоолт, шийдвэр гаргалт, сэтгэл хөдлөлийн тогтвортой байдалд урт хугацааны өөрчлөлт бий болох эрсдэлтэйг мэргэжилтнүүд анхааруулж байна. Бодит хэргүүдээс сэдэвлэсэн уг цувралд донтолт нь зөвхөн нэг хүний асуудал бус, ард нь үлдэх гэр бүл, эцэг эх, ах дүү, найз нөхдийн амьдралд хэрхэн нөлөөлдгийг харуулна. Нэг буруу алхам амьдралыг бүхэлд нь өөрчилж болдгийг, мөн нэг зөв сонголт ирээдүйг аварч чаддагийг уран сайхны хэлээр кино багийнхан өгүүлжээ.

Энэхүү бүтээл нь ялангуяа эцэг эхчүүдэд хандаж буй уриалга, сэрэмжлүүлэг юм. Насанд хүрээгүй хүүхдүүд хар тамхины эрсдэлд улам бүр өртөж буй энэ үед бүхий л эцэг эх, асран хамгаалагчид бодит мэдээлэлтэй, сэрэмжтэй байх нь хамгаалалтын хамгийн эхний шугам болдог. Урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга нь гэр бүлийн нээлттэй харилцаа, зөв мэдээлэл, сэтгэлзүйн дэмжлэг, хүмүүжил гэдгийг мэргэжилтнүүд онцолдог. Ялангуяа хүүхдийн зан төлөвт огцом өөрчлөлт гарах, хичээлийн амжилт буурах, тусгаарлагдах, сэтгэл санааны савлагаа ажиглагдах зэрэг шинж тэмдгийг анзаарах, ярилцах, шаардлагатай бол мэргэжлийн байгууллагад хандах нь чухал юм.

“Хэн ч донтогч болж төрдөггүй. Харин мэдээлэлгүй, анхаарал сул, халуун дулаан харилцаа дутмаг орчин эрсдэлийг нэмэгдүүлдэг” гэдгийг кино уран бүтээлчид онцолж байна. Иймээс “NO DRUG – Ганц удаа гэж үгүй” VOO Original Series нь зөвхөн дэлгэцийн бүтээл бус, гэр бүл бүрд хүрэх ёстой бодит сэрэмжлүүлэг, нийгмийн дархлааг бэхжүүлэх нөлөөллийн ажил юм. Уг киноны гол дүрүүдийг С.Ариунбямба (МУГЖ), Н.Баярмаа (МУСТА), Ц.Төмөрбаатар (Ардын жүжигчин, Төрийн соёрхолт МУГЖ), Ц.Төмөрхуяг (МУГЖ) нар бүтээжээ. Үзэгч та бүхэн тус уран бүтээлийг 2026 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн Mobihome өрхийн үйлчилгээ болон VOO онлайн платформоор долоо хоног бүрийн Пүрэв гарагт хүлээн авч үзээрэй.

#Анзаар #ХайртайХүмүүсээХамгаал