Спорт

“The MongolZ” багийн ESL Pro League Season-23 тэмцээний тоглолтууд өнөөдөр  эхэлнэ

By Onon Bayarsaikhan

March 06, 2026

Цахим спортын Counter Strike-2 (CS2) тоглоомын нэгдүгээр зэрэглэлийн “ESL Pro League Season 23” тэмцээний нэгдүгээр шатны тоглолт өнгөрсөн шөнө дуусаж, хоёрдугаар шатанд өрсөлдөх багууд тодорсон.

Манай улсын “The MongolZ” багийн хувьд хоёрдугаар шатанд дэлхийн чансааны оноогоор уригдан оролцоно.

Тэд эхний тойрогт Бразилын “paiN Gaming” багийн эсрэг өнөө шөнийн 23:30 цагт тоглох хуваарь гарчээ. Бразилын “paiN Gaming” багийн хувьд энэ тэмцээний нэгдүгээр шатыг гурван хожил, нэг хожигдолтой дуусгасан.

Энэ хоёр баг өмнө нь зургаан удаа учраа таарахад манай улсын баг таван удаа хожиж байлаа. Хамгийн сүүлд өнгөрсөн сард зохиогдсон PGL Cluj-Napoca 2026 тэмцээний хэсгийн шатанд учраа таарахад “The MongolZ” баг өрсөлдөгчөө хожсон.

“ESL Pro League Season 23” тэмцээн нь үндсэн гурван шаттай бөгөөд нэг болон хоёрдугаар шатанд тус бүр 16 баг тойргийн журмаар тоглоно. Хоёрдугаар шатанд гурван хожилтой найман баг Playoffs буюу шөвгийн наймд тоглох юм. Түрүүлсэн баг 250,000 ам.долларын шагнал авах бол дэд байрт 155,000 ам.доллар, гуравдугаарт байрт 110,000 ам.долларын шагнал өгөхөөр зохион байгуулагчид төлөвлөжээ.