Улс төр

Монгол–Чехийн парламентын хамтын ажиллагааг өргөжүүлнэ

By Onon Bayarsaikhan

March 06, 2026

Монгол Улсын Их Хурлын дэд дарга, Монгол–Чехийн парламентын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн А.Ариунзаяа нар Бүгд Найрамдах Чех Улсад албан ёсны айлчлал хийлээ.

Айлчлалын хүрээнд гишүүд Чех улсын Парламентын танхимын дарга Милош Вийстрчил, дэд дарга Йитка Сейтлова, мөн Төлөөлөгчдийн танхимын дэд дарга Патрик Нахер нартай уулзаж, хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, байгаль орчин, сэргээгдэх эрчим хүч, эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов.

Мөн Чехийн бизнес эрхлэгчидтэй уулзаж, хамтын ажиллагааны боломжуудын талаар ярилцаж, Монгол, Чехийн Засгийн газар хоорондын Эдийн засгийн хамтын ажиллагааны Хамтарсан хорооны IX хуралдаан 2026 оны 5 дугаар сард Прага хотноо зохион байгуулагдах талаар мэдээлэл өгчээ. Чех улсын төр, засгийн зүгээс тус улсад ажиллаж, амьдарч буй Монгол иргэдийн аж байдалд анхаарал хандуулж, иргэдийн аюулгүй байдал, гэр бүл, хүүхдүүдтэйгээ хамт байх, сурч боловсрох боломжийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлж байгаад талархал илэрхийллээ.