Чингэлтэй дүүргийн хөдөлмөрийн насны залуусыг БНСУ-ын Ёндуны захиргаатай хамтран ажлын байранд зуучилж байгаа аж.
Энэ талаар Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул “Чингэлтэй дүүрэг БНСУ-ын Ёндун сумтай байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд гурван сарын хугацаатай ажиллах эхний иргэн маань БНСУ-ыг зорилоо.
Хөтөлбөрийн зорилго нь залуусыг албан ёсны хөдөлмөр эрхлэлтийн шугамаар гадаадад ажиллуулж, ур чадвар эзэмшүүлэх, ялангуяа газар тариалангийн салбарын бодит туршлага хуримтлуулах боломжийг бүрдүүлэх, эх орондоо эргэж ирээд сурсан мэдсэнээ ашиглан өөрийн амьдрал, цаашлаад салбарын хөгжилд хувь нэмэр оруулах нөхцөлийг бүрдүүлэх юм.
Дараагийн иргэд ирэх сараас эхлэн БНСУ-ыг зорихоор бэлтгэл ажлаа хангаад байна. Сонгон шалгаруулалт хэн бүхэнд нээлттэй” хэмээжээ.
Хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй байгаа иргэд өөрийн амьдарч буй хорооны Нийгмийн ажилтанд хандан мэдээллээ бүртгүүлэх боломжтой гэнэ.