Хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд нээж хэлсэн үгэндээ Монгол Улсын газар тариалан бол зөвхөн нэг салбарын асуудал биш. Энэ бол үндэсний хүнсний аюулгүй байдал, боловсруулах үйлдвэрийн түүхий эдийн тогтвортой хангамж, хөдөөгийн ажлын байр, өрхийн орлоготой шууд холбоотой, стратегийн ач холбогдолтой салбар гэдгийг тодотгоод газар тариалан байгаль, цаг уурын нөхцөлөөс хамаарсан өндөр эрсдэлтэй, ган, хуурайшил, хэт халуун, хяруу, мөндөр, үер зэрэг гамшигт үзэгдлийн давтамж нэмэгдэхийн хэрээр ургацын хэлбэлзэл огцом нэмэгдэж, тариаланчдын орлого улам бүр тогтворгүй болж байна гэв. Энэ нь цаашлаад хүнсний зах зээл, үнийн тогтвортой байдал, улс орны эдийн засагт ч нөлөөлөх эрсдэлийг нэмэгдүүлж буйг онцоллоо. Тэрбээр эдгээр нөхцөлөөс шалтгаан “Тариалангийн индексжүүлсэн даатгалын тухай” хуулийн төслийг боловсруулж байгаа гэлээ.
Түүнчлэн одоогийн уламжлалт ургацын даатгалын нэг гол хүндрэл нь бодит хохирлыг газар дээр очиж тогтоон үнэлэх аргачлалтай холбоотой. Талбай бүрээр шалгаж үнэлэх ажиллагаа нь зардал өндөр, хугацаа их шаарддаг, зарим тохиолдолд маргаан дагуулдаг. Үүний улмаас даатгалын хүртээмж буурч, жижиг, дунд хэмжээний талбай бүхий тариаланчид бодитоор хамрагдах боломж хязгаарлагддаг, даатгалын хураамж болон нөхөн төлбөр хугацаандаа төлөгдөхгүй байх эрсдэл үүсдэг талаар дурдлаа.
Харин индексжүүлсэн даатгалын үндсэн санаа нь даатгал нь бодит хохирлыг заавал газар дээр нь тогтоохын оронд, тухайлбал хур тунадас, температур, хөрсний чийг, эсвэл хосолмол индекс зэрэг албан ёсны мэдээллийн эх сурвалжид тулгуурласан статистик үзүүлэлтүүд урьдчилан тогтоосон босго нөхцөлийг хангаж байгаа эсэхэд үндэслэн нөхөн төлбөр олгодог аж.
Тэрбээр, энэ хууль батлагдсанаар даатгалын харилцааг “цаасан дээрх зохицуулалт” болгох биш, харин тариаланчдын эрсдэлийг бууруулж, санхүүгийн тогтвортой байдлыг дэмжих, цаашлаад хүнсний нийлүүлэлтийн тогтвортой байдалд бодит хувь нэмэр оруулах системийг бий болгох явдал юм. Үүний зэрэгцээ төрийн хувьд гамшгийн дараа нэг удаа их хэмжээний зардал гаргадаг “реактив” арга хэмжээнээс илүүтэй, эрсдэлийг урьдчилан тооцож, даатгалын механизмаар хуваарилдаг тогтолцоонд шилжих боломж нэмэгдэнэ гэв.
Үүний дараа НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Суурин төлөөлөгч доктор Чинюн Диау мэндчилгээ дэвшүүлж, Тариалангийн индексжүүлсэн даатгалын тухай хуулийн төслийн танилцуулгыг Эдийн засгийн шинжлэх ухааны доктор А.Бакей танилцуулав. Тэрбээр, хуулийн төсөлд тариалангийн даатгалын бүтээгдэхүүний хэлбэр, хамрах нэгж, таримлын төрөл, индексийн мэдээллийн эх үүсвэр, босго үзүүлэлт, эрсдэлийн түвшний ангилал, нөхөн төлбөрийг шаталсан болон хэсэгчлэн олгох механизм, даатгалын гэрээ, түүний нөхцөлүүд, эрсдэлийг хуваарилах олон давхар хамгаалалт; төрөөс үзүүлэх дэмжлэг, хураамжийн татаас, өгөгдөл ба дэд бүтцийн чанарыг сайжруулах зэрэг гол зохицуулалтыг тусгасаныг онцлов.
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын SCALA төслийн зохицуулагч С.Сэргэлэн газрын ашиглалт болон хөдөө аж ахуйн салбарт хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах болон шингээлтийг нэмэгдүүлэх, мөн уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдал, дасан зохицох чадавхыг бэхжүүлэх чиглэлээр өөрчлөлтийг авчрахуйц уур амьсгалын арга хэмжээг дэмжих зорилготой SCALA хөтөлбөрийн талаар танилцуулсан.
Хэлэлцүүлгийн төгсгөлд тус хуулийн төслийг улам сайжруулах, зохицуулалтууд нь бодитой хэрэгжихэд ямар асуудалд илүү анхаарал хандуулах талаар оролцогчдоос санал авав. Энэхүү санал, зөвлөмжийг нэгтгэн хуулийн төсөлд тусгах ажлыг зохион байгуулна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.