Нийгэм

Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

By Onon Bayarsaikhan

March 11, 2026

Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй гарсан байна. Нэгдүгээр сард нийт 10 сая тонн нүүрс экспортолсон нь өмнөх оны мөн үеийн 5.8 сая тоннтой харьцуулахад 73 хувиар өсөж, өдөрт дунджаар 326 мянган тонн нүүрс экспортоллоо.

Хоёрдугаар сард нийт 6.4 сая тонн нүүрс экспортолсон нь өмнөх оны мөн үеийн 5.7 сая тоннтой харьцуулахад 11 хувиар өсчээ. Тухайн сард Монгол Улс болон БНХАУ-ын Цагаан сарын баярын амралтын өдрүүд давхцсан, сарын хоногийн тоо харьцангуй цөөн байсан зэрэг хүчин зүйлсийн нөлөөгөөр нийт экспортын хэмжээ тодорхой хэмжээнд буурсан ч баярын амралтын өдрүүдийг эс тооцвол өдөрт дунджаар 320 мянган тонн нүүрс экспортоллоо. 

Энэ сарын 10-ны өдрийн байдлаар нийт 3 сая тонн нүүрс экспортолсон нь өмнөх оны мөн үеийн 1.3 сая тоннтой харьцуулахад 2.6 дахин өссөн үзүүлэлт бөгөөд өдөрт дунджаар 330 мянган тонн нүүрс экспортод гаргаж байна.

Ийнхүү оны эхний саруудад нүүрсний экспортын хэмжээ өмнөх оноос өсөж, өдөрт экспортод гарч буй нүүрсний дундаж хэмжээ тогтвортой түвшинд хадгалагдаж, салбарын үйл ажиллагаа жигд, хэвийн үргэлжилсээр байна.