Олон нийтийг цочирдуулж, 16 настай охин болон 32 настай эмэгтэйн амь насыг онц ноцтойгоор хохироосон гэмт хэргийн анхан шатны шүүх хурал өнгөрөгч нэгдүгээр сард хоёр удаа болсон.
Шүүхээс шүүгдэгч Ц.Дагвадоржид бүх насаар нь хорих ял оноож, тухайн хэрэгт шүүгдэгч, хохирогч гэсэн хоёр статустайгаар оролцсон Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан. Мөн насанд хүрээгүй шүүгдэгч Х.Энхсайханыг цагаатгах шийдвэр гаргасан.
Гэмт хэргийн хор хохирол болгож, Ц.Дагвадоржийг 256 сая төгрөгийг 16 настай амь хохирогч Ч.Шинэсарангийн ээж Г.Отгонтуяад, 205 сая төгрөгийг 32 настай амь хохирогч З-н хууль ёсны төлөөлөгчид гаргаж өгөхөөр шийдвэрлэсэн.
Харин хохирогч охины ээж Г.Отгонтуяа анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаад байна.
Хэргийг эргэн сануулбал, 2024 оны зургадугаар сард 20 настай Ц.Дагвадорж нь 32 настай эмэгтэй болон 16 настай охиныг хэдхэн хоногийн зайтай онц хэрцгийгээр хөнөөсөн байдаг. Тодруулбал, 2024 оны зургадугаар сарын 8-9 шилжих шөнө З гэх 32 настай эмэгтэйг гэрт нь хөнөөж, хүнсний скочоор ороон хувцасны шүүгээнд нь хийсэн байсан гэдэг. Талийгаач эмэгтэйг ар гэрийнхэн нь болон хууль хяналтынхан ололгүй олон хоносон учир цогцос нь өмхийрсөн байдалтай гэрээсээ олджээ. Харин дээрх хэрэг болсноос 12 хоногийн дараа буюу 2024 оны зургадугаар сарын 21-ний шөнө Ц.Дагвадорж нь архидан согтуурсан үедээ Хан-Уул дүүргийн II хороонд оршин суух 16 настай Ш гэх охиныг онц хэрцгийгээр хөнөөж, цогцсыг нь чемоданд хийсэн байсныг цагдаагийнхан илрүүлсэн байдаг.