Оффтейк гэрээ гэх асуудал дахин олон нийтийн анхаарлын төвд орж ирлээ. Энэ удаад зөвхөн нэг гэрээний тухай биш, харин “Бодь” групп болон улс төрийн хүрээний холбоо, сүлбээг илүү тодруулж эхэлж байна.
Гэвч энэ зангилааг тайлах ёстой гол хүн болох Д.Баясгалан эх орондоо ирж, хуулийн байгууллагад тайлбар өгөхийн оронд гадаадаас цахимаар холбогдон байр сууриа илэрхийлж байгаа нь өөрөө анхаарал татах асуудал болоод байна.
Оффтейк гэрээний асуудал шинэ зүйл биш. Анх 2022 оны сүүлээр УИХ-аас байгуулсан нүүрсний хэргийг шалгах Түр хорооны үеэр сөхөгдөж, тухайн үед “Эрдэнэс Тавантолгой” компанийн бүрэн эрхт төлөөлөгчөөр ажиллаж байсан Ж.Ганбат энэ талаар тодорхой мэдээллүүд өгч байв. Гэсэн ч тэр үеэс хойш даруй хэдэн жил өнгөрсөн ч уг асуудал эцэслэн шийдэгдэлгүй, харин ч улам бүр будлиантай болж үлдсэн.
Харин энэ удаад Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ АТГ-т 894 хуудас бүхий 4 бүлэг материал өгсний хоёр нь “Бодь” групптэй холбоотой байсан нь Д.Баясгаланг ийнхүү “чимээгүй байдлаа эвдэхэд” хүргэсэн бололтой.
Тэрбээр “Анхны гэрээ 792 сая ам.доллар, нэмэлт ажил 213 сая ам.доллар, нийт өртөг ойролцоогоор 1 тэрбум ам.доллар гэж тайлбарласан.
Гэвч үүний цаана өөр нэг тоо яригдаж байна. Анхны төсөөлөл 600 сая ам.доллар, дараагийн тооцоо 1.3 тэрбум ам.доллар гэх мэдээлэлтэй харьцуулахад зөвхөн тоон дээр 300 гаруй сая ам.долларын зөрүү гарч ирж байна. Энэ нь “өссөн эсэх” гэхээс илүү “юуг өсөлт гэж тооцох вэ?” гэсэн маргаан болж хувирчээ.
Гэвч гол асуудал нь төмөр зам биш — оффтейк гэрээ.
Монгол Улс жилд дунджаар 30–40 сая тонн нүүрс экспортолдог, үнэ нь зах зээл дээр 70–150 ам.долларын хооронд хэлбэлздэг. Ийм нөхцөлд “дундаж үнэ” гэх тайлбар нь бодит зах зээлийн үнээс доогуур тохирсон эсэх эргэлзээг тайлж чадахгүй байна.
Өөрөөр хэлбэл, оффтейк гэрээ байгуулсан, түүнийг нууцын зэрэгт оруулсан, үнийг “дундаж” гэх ерөнхий ойлголтоор тайлбарласан энэ бүхэн өөрөө хардлага үүсгэх хангалттай үндэслэл болж байна. Тэгвэл хамгийн энгийн асуулт гарч ирнэ.
Хэрэв бүх зүйл хууль ёсны, ил тод байсан юм бол яагаад холбогдох хүн нь Монголдоо ирж, хуулийн байгууллагад мэдүүлэг өгч, өөрийгөө хамгаалж болохгүй гэж. Гадаадаас тайлбар хийх нь амар байж магадгүй. Харин хуулийн өмнө ирж зогсох нь илүү хэцүү. Гэвч үнэн, зөв нь тэнд л тогтоогдоно.
Өнөөдөр Д.Баясгаланг бизнесийн том тоглогч гэж ярьдаг. Харин нөгөө талд нь тэр энэ олон жил улстөрчдийг “оосорлосон”, оффтейк гэрээнүүдийг атгаж ирсэн хүн юм биш биз гэх хардлага улам хүчтэй болж байна. Хэрэв энэ бүхэн худал бол ирээд няцаа. Хэрэв үнэн бол тайлбар өг. Харин аль аль нь биш бол чимээгүй байх эрх энэ асуудалд байхгүй.